Мөнгө үнэртсэн тойрог

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Мөнгө үнэртсэн тойрог

“АЭ”
2012 оны УИХ-ын сонгуулийн өрсөлдөөний өнгө төрх хийгээд нэр
дэвшигчдийн талаар тойрог бүрээр нь тоймлон хүргэж байгаа. Энэ удаад
Дорнод аймагт ямар өрсөлдөөн өрнөж болохыг өгүүлж байна.
Халхголчуудыг
энэ удаад хэн төлөөлөх вэ гэдэг ихээхэн сонирхолтой болж ирлээ.
Өнөөгийн УИХ-д дорнодчуудыг төлөөлж МАН хоёр, Ардчилсан нам нэг суудал
авсан ч Ц.Шинэбаяр гишүүн Хамуг монголын хөдөлмөрийн нам гээчийг
байгуулан намаасаа гарсан. Тиймээс энэ УИХ-д МАН-аас Д.Одбаяр, Ардчилсан
намаас П.Алтангэрэл, ХМХН-аас Ц.Шинэбаяр гишүүн гэсэн гурван намын
төлөөлөл бий. Харин энэ удаагийн мажоритари давамгайлсан холимог
сонгуулиар Дорнод аймаг хоёр мандаттай болсон болохоор ширүүхэн
өрсөлдөөн болох нь дамжиггүй. Дорнодод хийсэн судалгаануудыг харахад
хамгийн их рейтингтэй байгаа нь УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюун.
Гэхдээ тэрээр Дорнодод нэр дэвших эсэх нь эргэлзээтэй. Өмнөх сонгуульд ч
намын даргын хувьд намынхаа сонгуулийн үйл ажиллагаагаа зангидах нь
зүйтэй гэдэг үүднээс нийслэлд нэр дэвшсэн. Д.Одбаярын хувьд хоёр ч удаа
тойргоосоо сонгогдсон, нэг ёсны дархлагдсан хүн. Гэхдээ орон нутгийнхан
МАН, МАХН хоёрын учрыг олохгүй яваа нь түүнд халтай. Сүүлийн үеийн
мэдээллээс харахад түүнийг МАН-аас Дорнодод дахин илгээх нь нэгэнт
тодорхой болоод байгаа юм. Дорнодчууд түүнийг сүүлийн үед орон нутагт
анхаарлаа хандуулалгүй хотын хүн болсон гэж шүүмжлэх болжээ. Гэхдээ
хэзээний өөрийн ажлын тайланг, сурталчилгаатай тараагаад эхэлсэн
болохоор тойрогтоо дахин дэвших нь тодорхой бололтой.

Харин
Ц.Шинэбаяр бол өнгөрсөн сонгуулиар нэр дэвшигчдээс хамгийн олон саналыг
авсан нэгэн. Түүний рейтинг өнөөдөр өссөн үү гэхээс буураагүй. Намынхаа
эсрэг хатуухан үг хэлж, Н.Энхбаярыг дагасан нь түүний нэр хүндийг өндөрт
хүргэсэн ч өөрийн замаа хөөсөн билээ. Тиймээс Ц.Шинэбаяр, Д.Одбаяр нар
өнөөдөр хамгийн том өрсөлдөгчид болсон гэсэн үг. Энэ нь мэдээж Ардчилсан
намын П.Алтангэрэлд ашигтай. Тэгээд ч дорнодчууд түүнд ам сайтай
байгаа. Өмнөх сонгуулиар ИЗН-аас нэр дэвшигч М.Зоригт, Ардчилсан намаас
дэвшигч П.Алтангэрэл нар бие биенийхээ саналыг хувааж байсан бол өнөөдөр
тийм зовлонгүй болсон. Хэрвээ УИХ-ын гишүүн С.Оюун энэ тойрогт очихгүй
бол шүү дээ. Гэхдээ чамлахааргүй час хийсэн нэгэн нэр дэвшигч бол өмнөх
сонгуулиар нэр дэвшиж 32 хувийн санал авсан “Глобал удирдагч сан”-гийн
тэргүүн Б.Отгонбат. Дорнодчуудад танил хүмүүсийн л нэг. Харин энэ удаад
нэр дэвших эсэх нь тодорхойгүй байна. Түүнээс нэг хувиар илүү санал
авсан бас нэгэн хүн нь Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Мөнхцэцэг.
Эмэгтэйчүүдийг квотоороо бол Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн тэрээр
хамгийн түрүүнд нэр дэвших хүмүүсийн тоонд бий. 

ИЗНН-ээс харин
Санжмятавын Отгонбаатарын нэр дуулдаж байна. “Монгол шилтгээн”,
“Ханброй”-гийн захирал тэрээр орон нутгийн залуусыг тэр чигт нь хөдөлгөж
чадахуйц нэгэн. Нутгаа хөгжүүлэх уриан дор дорнодын залуучуудыг
нэгтгэсэн түүнийг тус тойрогт мэдэхгүй хүн ховор.  

  БСШУ-ны
дэд сайд Б.Ундармаа Дорнодод нэр дэвших тухай яриа дуулдаж байна. Тэрээр
МАН-ын улс төрд туршлагажиж яваа бүсгүйчүүдийн нэг. Нам нь түүнийг
үнэлэж, хамтарсан Засгийн газрын дараах танхимд дэд сайдын суудал
оноосон нь намдаа эзэлж буй байр суурийг нь илэрхийлнэ. Харин дорнодчууд
түүнд итгэл үзүүлэх эсэх нь тойрогтоо хэр ажилласнаас шалтгаалах биз.

Харин
түүнээс ч илүү магадлалтай байгаа нэгэн хүн бол “МАК”-ын Нямтайширын
хүү Номтойбаяр. УИХ-ын гишүүн болохын тулд намдаа баруун солгойгүй мөнгө
хаяж яваа түүний талаар дуулиантай олон мэдээлэл бий. Саяхан Нийгмийн
хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд болсон нь бизнесийн явцуу бүлэглэл төрд
орж ирлээ гэх харыг төрүүлсэн. Дорнодыг хөгжүүлэх зорилгоор гэх
халхавчтай 90 сая төгрөгийн санхүүжилттэй “Эрдэнийн түлхүүр, хөгжлийн
тулгуур” хөтөлбөрийг ч хэзээний хэрэгжүүлээд эхэлсэн. Энэ хөтөлбөрийн
хүрээнд багш, сурагчдын дунд 33 сая төгрөгийн шагналын сантай уралдаан
зарлаад байгаа. Дорнодчуудын саналыг худалдаад авчихсан ч чадах л
мөнгөтэй залуу. 

Эдгээр эрхмүүдээс гадна аймгийн Засаг дарга
Ц.Жанлавын нэр дуулдаж байгаа ч авлигын хэрэгт холбогдоод буй түүнийг
нэр дэвшүүлэх магадлал бараг байхгүй.
Энэ мэтээр Дорнодод нэр
дэвшигчид хамгийн түрүүнд нам дотроо өрсөлдөх хэрэгтэй болж байна.
Тиймээс хэн хор найруулж, хэн их мөнгө амласан нь л нэр дэвшигчийн
үнэмлэхийг өвөртлөнө. Харин дараагийн удаад бусад намынхантай тулах нь
мэдээжийн асуудал.

Өнгөрсөн сонгуулиар Сонгуулийн тойргийн
хороог хоёр хаалгатай байранд байрлуулж завсар хийсэн гэх дуулиан
тарьсан Дорнодод энэ удаад ч эсэн бусын будилаан гарах магадлал өндөртэй
байна. Түүгээр зогсохгүй мөнгөтэй нэр дэвшигчид ихтэй учраас мөнгөний
сонгууль болно гэсэн таамаг амнаас ам дамжин явна.  Гэхдээ бүхнийг
урьдаас харж, ингэнэ, тэгнэ гэж худал төлөгдөөд яах вэ. Яахыг нь хамтдаа
л харж суух үлдэж дээ.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж