Шанхайн байгууллага бүл нэмнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Шанхайн байгууллага бүл нэмнэ

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар Бээжин хотноо цугларч зургадугаар сард болох тус байгууллагын дээд хэмжээний уулзалтын бичиг баримтыг боловсруулсан байна. ШХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын хуралдааны үр дүнгийн талаар БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүн Ян Зечи хэвлэлийн  бага хурал хийлгэн мэдээлжээ.

ШХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохоор ОХУ-ын Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Сергей Лавров пүрэв гаригт Бээжинд ирснийхээ дараа Хятадын Гадаад хэргийн сайд Ян Зечитэй хэлэлцээр хийн зургадугаар сард Хятадад айлчлах ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины айлчлалын бэлтгэлийн талаар ярилцсан байна. Бээжинд очихын өмнө Лавров Люйшунь (Порт-Артур) хотоор дайрч Зөвлөлтийн амь үрэгдсэн цэргийн дурсгалын цогцолбор очин хүндэтгэл үзүүлсэн байна. Тэрээр баасан гаригт Хятадын дарга Ху Жиньтао, түүний орлогч ирээдүйн Хятадын удирдагч Си Зиньпин нартай уулзан ярилцав. “ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зургадугаар сарын 6-7-нд Бээжин хотноо болох дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын хүрээний хуралдаанаар олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх мөн ШХАБ-ын олон улсын ба бүс нутгийн ажил хэрэгт үүргийг нь нэмэгдүүлэх талын асуудлуудыг авч үзлээ” хэмээн тус байгууллагын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралдааны баримт бичигт өгүүлжээ.

Сайд нарын үзэж байгаагаар бүс нутгийн тогт­вортой байдалд Ойрхи Дорнод ба Хойд Африкийн доргион аюул учруулж байна. Бүс нутгийн тогтвортой байдал ба энх тайванд Афганистаны байдал нөлөөлж байгаад сайд нар зовниж байна. Талууд Афганистаны байдлыг зохицуулахад НҮБ-ын үүрэг чухал бөгөөд мөн афган түмний энхийн төлөөх эрмэлзэл онцгой нөлөөтэй гэж үзэж буйгаа илэрхийлэв. Бээжингийн энэ уулзалтаар ШХАБ-ын тунхаглалын төслийг боловсруулсан байна. Зарим эх сурвалжийн мэдээгээр тунхагийн төсөлд нэг талын хязгааргүйгээр Пуужингийн довтолгооноос хамгаалах системийг өргөжүүлэн нэмэх нь олон улсын стратегийн аюулгүй байдалд нөлөөтэйг тэмдэглэсэн аж. Мөн мэдээллийн технологийг улс төр, эдийн засаг ба нийгмийн аюулгүйг байдлыг эвдэхэд ашиглах, түүнчлэн интернэтээр терроризм ба хэт давралтыг ухуулах зэрэг нь байх ёсгүйг тэмдэглэжээ. Баримтын төсөлд ШХАБ-ын тэргүүн нар Сирийн нутаг дэвсгэр дэх хүчирхийллийг зогсоохын төлөө байгааг тэмдэглэж байна. Мөн Ираны байдлын талаар тэмдэглээд асуудлыг хүч хэрэглэхгүйгээр шийдэхийн чухлыг заажээ.

Сайд нар ШХАБ-ын хөгжлийн үндсэн чиглэлийг авч үзсэнээс гадна бүс нутгийн аюулгүй байдал, энх тайванд заналхийлэл гарсан тохиолдолд тус нэгдэл хэрхэн ажиллах улс төр ба дипломат арга хэмжээний тухай Екатеринбургийн саммитаар боловсруулсан журамд өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан гэнэ. “Терроризм, салан тусгаарлалт, хэт давралт, мансууруулах бодисны хууль бус эргэлт, үндэстэн хоорондын гэмт хэргийн эсрэг зогсохын тулд хамтын ажиллагааг  гүнзгийрүүлэхийн төлөө байгаа”-г сайд нар дахин батлан мэдэгдэв. Энэ талаар 2013-2015 онд хамтран ажиллах хөтөлбөр боловсруулахын чухлыг мөн тэмдэглэсэн байна. Мөн эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хуралдааны баримтад онцлон тэмдэглэжээ.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг 2001 онд байгуулсан ба үүнд Казахстан, Хятад, Киргиз, Орос, Тажикистан ба Узбекистан багт­даг. Монгол, Иран, Энэтхэг, Пакистан ажиг­лагчийн статустай. Белорусь, Шри-Ланка тус бай­гуул­лагын яриа хэлцлийн түншүүд нь юм. ШХАБ-ын удирдлагыг ротацийн үндсэн дээр сонгодог. Хятад 2011 оны наймдугаар сараас нэг жилийн хугацаатайгаар уг байгууллагыг даргалж байна. 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн гурван жилийн хугацаатай шинэ тушаалд Оросын төлөөлөгч ажиллана. Ирэх саммитаар тус байгууллага бүл нэмэн Афганистаныг ажиглагчаар элсүүлэх ажээ.

Ирэх зургадугаар сарын эхээр Бээжин хотноо болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын аюулгүй байдал болон шуурхай ажиллагааны талаар чухал баримт бичиг гаргах ёстой. Үүний шалтгаан нь Ойрхи Дорнод ба Хойд Африкийн саяхны хэрэг явдлууд болсон гэж өмнө нь Хятадын Гадаад хэргийн яамны орлогч сайд Чэн Гопин мэдээлсэн байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж