SSJ-100 онгоцны осол “Супержет” төслийн сүйрэл биш гэв

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

SSJ-100 онгоцны осол “Супержет” төслийн сүйрэл биш гэв

Оросын Sukhoi Superjet-100 (SSJ-100) гэх зорчигч тээврийн шинэ онгоц Индонезид тавдугаар сарын 9-нд уул мөргөн сүйрсэн. Энэхүү осол Оросын иргэний агаарын тээврийн урт хугацааны хөтөлбөрийн  хувь заяанд ноцтой эргэлт гаргаж магадгүй ч төсөл бүрэн хаагдахгүй бололтой.

Ууланд хийгдсэн эргэлт

Оросын агаарын шинэ хөлөг Superjet 100 Индонезид үзүүлэх нислэг хийж байгаад сураггүй болсон. Онгоц нисэх буудлын зүг ирж яваад радарт харагдахаа больсон ч  онгоцны ослын дохионы системүүд ямар нэгэн дохио ирүүлээгүй. Тиймээс энэ хэрэг явдлын талаархэд хэдэн хувилбар яригдаж эхлэв. Тухайлбал онгоцыг барьцаалан хаа нэгэнтээ буулгасан гэсэн таамаглал ч дэгдсэн юм. Гэвч тавдугаар сарын 10-ны өглөө Салак галт уулын өтгөн ойтой энгэрт уг онгоцны сүйрсэн хэсгийн аврах багийн нисдэг тэрэгнээс илрүүлсний дараа итгэлийн сүүлчийн найдлага унтрав.  Хамгийн сүүлийн мэдээр онгоцонд 45 хүн явсны найм нь компанийн төлөөлөгч болон багийн гишүүд болох оросууд байв. Мөн  онгоцыг худалдан авч байсан Индонезийн компанийн төлөөлөгчид болон онгоцыг хамтран бүтээсэн бусад гадны мэргэжилтнүүд явж байжээ. Ослоос нэг ч хүн амьд гараагүй юм.

Дэлхий даяараа оролцон бүтээсэн Оросын онгоц

RRJ (Russian Regional Jet) төслийн үр дүнд Sukhoi Superjet 100 (ердийн ба нэмэгдэл уртасгасан нислэгийн гэх 75 эсвэл 95 суудалтай хоёр хувилбар) онгоцыг 2000-аад оны эхээр бүтээсэн. Төсөлд зориулан “Сухойн иргэний тээврийн онгоцнууд” гэсэн тусгай компанийг байгуулан гадаадын олон хамтрагчдыг татан оролцуулсан. Төслийг “Сухой” гэх нисэхийн холдинг компанийн тэргүүн байсан Михаил Погосян удирдсан юм. Тэрээр одоо нисэхийн нэгдсэн корпорацийг удирддаг.  Төсөл нэлээд удаан үргэлжлэн 2008 оны тавдугаар сард шинэ онгоцоо анх удаагаа агаарт хөөрсөн байна. Хөлөг онгоцыг Алс Дорнодын Комсомольске-на-Амуре хотын Сухойн зохион бүтээх товчооны тэргүүн үйлдвэрт хийсэн учраас Оросын шинэ онгоц гэгддэг. 2011 оноос онгоцыг захиалагчдад бага багаар хүргэх болов. Шинэ онгоцны талаар янз бүрээр яригддаг. Гол өрсөлдөгч нь Бразилийн Embraer ба Канадын Bombardier учраас маргаан эрчимтэй дэгдэж байсан. Бас саяхнаас хятадууд дунд зайн ийм онгоц бүтээж эхэлсэн болохоор өрсөлдаан улам ширүүссэн гэж болно. Орос онгоцны хувьд эх биеийн болон далавчны элементүүд, туслах чанарын төхөөрөмжүүд л Оросынх. Онгоцны хөдөлгүүр нь Францын SaM-146 гэх боловч зарим агрегатуудыг Оросын Шинжлэх ухааны үйлдвэрлэлийн “Сатурн” нэгдэлд хийсэн юм.

“Супержет” төслийг интернэтээр “Попилжет” гэж хорлонтой хочоор нэрлэж байв. Оросын иргэний агаарын тээвэрт 1991 оноос хойш шинэ онгоц гарч ирээгүйгээс л тэр. Тэжээлийн баазгүй болсон Оросын иргэний агаарын үйлдвэрлэл үнэндээ хөөрхийлэлтэй байдалд орсон байв. Төслүүд олон байсан ч энэ төслөөс өөр бүтэж гарсан зүйл алга. “Иркут” гэсэн нэг төсөл явж байгаа ч онгоцоо агаарт хөөргөөгүй л байгаа. Гэтэл одоо “Супержит” төслийн онгоц сүйрсэн нь ихээхэн хүнд байдал үүсгэж магадгүй байна.

Осол ба ирээдүй

Sukhoi Superjet-100 (SSJ-100) иргэний агаарын тээврийн хөлөг үйлдвэрлэх Оросын гол төсөл Оросын бүс нутгийн дунд зайн Sukhoi Superjet-100 онгоцнуудын ангиллуудыг гаргаж ирэх зорилготой. 2000 онд байгуулагдсан “Сухойн иргэний тээврийн онгоцнууд” гэх компани уг төслийг хэрэгжүүлдэг.
 
Ямар ч осол, сүйрэл засагдашгүй гарз л даа. Тухайлбал, саяхан “Булава” гэсэн үг хөөрдөг ослын тодорхойлолт болоод байна. Онгоцны хувьд ч мөн иймэрхүү асуудалтай байна. Онгоцыг дөнгөж үйлдвэрлэлд оруулж байгаа учраас дутуу дулимаг сайжруулах зүйл их байгаа нь ойлгомжтой.  Гэсэн ч ганц осол бүхнийг шийдэхгүй. Одоогоор чухам юунаас болон осол гарсан шалтгаан тодорхойгүй. Гэхдээ шинэ онгоцны осол учраас үйлдвэрлэлийн гажиг, хүний хүчин зүйл гээд л маргаад эхлэх нь ойлгомжтой. Тиймээс төслийг үргэлжлүүлэхгүй гэх дүгнэлт гарахыг ч үгүйсгэх аргагүй. 1988 онд Европын нисэх хөлөг дөнгөж гарч ирж байхдаа мөн үзүүлэх нислэгийнхээ үеэр модны орой мөргөн унаж маш их шүүмжлэл дэгдээж байжээ. Харин одоо ийм төрлийн 2800 онгоц худалдаалж, 2700 онгоцны захиалга аваад байгаа юм.

Индонезийн осол хэдийгээр том эмгэнэл ч гэсэн Супержетийн хувь заяанд цэг тавигдлаа гэх болоогүй байна. Төслийн цааш явах эсэх нь Оросын шийдэх асуудал болж байна. Сүүлийн мэдээгээр энэ онгоцноос 12 ширхгийг захиалсан Индонезийн компани  ослын шалтгааныг тогтоотол наймаагаа зогсоод байна.

Одоо ийм долоон онгоц “Аэрофлот”-д, нэг онгоцыг Армяны нисэхэд ашиглаж байгаа. Индонезийн PT Sky Aviation компани ийм 12 онгоц авахаар гэрээ байгуулсан ба ирэх наймдугаар сард эхний гурван онгоцыг нийлүүлэх ёстой юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж