Бээжинд болсон саммитад Японы Ерөнхий сайд Йошихико Нода, БНСУ-ын Ерөнхийлөгч И Мюн Бак нар оролцсон бөгөөд энэ үеэр Хятадын Ерөнхий сайд Вэн хэлсэн үгэндээ “Зүүн хойд Ази болон зүүн Азид тогтворгүй, тодорхой бус, урьдаас таамаглаж боломгүй олон хүчин зүйл байна. Олон улсын санхүүгийн зах зээлийн хямрал одоо хэр нь бүрэн арилаагүй, Европын өрийн хямрал хэтдээ юунд хүрэх нь тодорхойгүй байна” хэмээжээ.
Дээрх гурван улсын тухайд энэ мэт санаа зовиноож буй асуудалд гарц олох зорилгоор олон жилийн турш яриа, хэлцэл төдийгөөр хэмжигдэж байсан чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар төлөвлөж буй нь энэ юм. Түүнээс гадна Хятад, Япон, Өмнөд Солонгос гурван улс гурван талт хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тухай ч ярилцаж, зөвшилцөлд хүрсэн байна.
Хятадын хувьд Япон болон БНСУ-ын аль алиных нь худалдааны хамгийн том түнш нь. Ийнхүү чөлөөт худалдааны гэрээ байгуулснаар Хятадын ДНБ-ий хэмжээ 2,9 хувиар, Японых 0,5 хувиар, БНСУ-ын 3,1 хувиар өснө гэж тооцож буй тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ.