Ерөнхийлөгч өдөрлөгийн арга хэмжээнд оролцох үеэрээ тус талбайд зохион байгуулсан мод, жимсний бут, цэцгийн суулгац, үрийн үзэсгэлэн худалдааг үзэв. Энд 40 гаруй компани, аж ахуйн нэгж өөрсдийн үрслүүлж тарьсан, манай оронд ургадаг төрөл бүрийн мод, жимсний бут, цэцгийг нэг сарын хугацаатай худалдах юм байна.
Мод, жимсний бут, цэцэг зарж буй хүмүүсээс Ерөнхийлөгч “Ямар үнээр борлуулж байна? Алинаас нь ашгаа олж байна, ер нь ашигтай ажиллаж чадаж байна уу? Гадаадаас модны үр, үрсэлгээ авахгүйгээр дотоодынхоо хэрэгцээг хангах боломж бүрдсэн үү? Хүмүүст мод, бутаа тарих, арчлах аргыг нь зааж өгч байгаа юу?” гэхчлэн олон асуулт асууж, саналыг нь сонсон ажилд нь амжилт хүсч байв.
Ерөнхийлөгч сэтгүүлчдэд хандан “Маргаашаас улс орон даяар мод тарих өдөр эхэлж байна. Энэ өдрүүдэд мод, ногоон байгальтай холбоотой олон ажил хийж байгаа. Модыг бид тариад орхидог байсан. Одоо ургуулах, арчлахад их анхаарах хэрэгтэй байна. Өнөөдөр барилгачдын талбай дээрх үзэсгэлэнг үзлээ. Ийм үзэсгэлэн дүүрэг бүрт гарч байгаа. Үүнээс үлгэр жишээ аваад бүх сум, аймгийн мод, зүлэг тарьдаг хүмүүс нэгдэж нийлж ажиллаасай гэж бодож байна. Бүх сумдад ногоон цэцэрлэгүүд байгуулагдаасай. Гол гол замын дагуу зурвасан ой бий болоосой гэж хүсч байна. Тэгээд түүнийгээ хариуцсан хүмүүстэй болж, сум, аймаг нь тусгай төсөв гаргадаг болох ёстой.
Нэг сайн мэдээ дуулгахад УИХ-аар байгаль орчинтой холбоотой багц 10 хуулийн төсөл хэлэлцэж байна. Сүүлийн жилүүдэд байгаль орчны ийм олон багц хуулийн төсөл нэг зэрэг хэлэлцэн баталж байгаагүй. Үүнээс үзэхэд Монгол улс асар том үсрэлт энэ чиглэлд хийж байна. Мэдээж бүх харилцааг нь зохицуулж чадахгүй байгаа байх. Гэхдээ эдгээр хуулийн хүрээнд бид гол усаа яаж хамгаалах вэ, орчноо яаж хамгаалах вэ, ногоон эдийн засгийг яаж бий болгох вэ гээд энэ бүх чиглэл рүү эрх зүйн үндсийг тавих юм. Энэ бол монголын ард түмэнд хүрэх их сайн мэдээ.
Цаашид мод тарьж байгаа, ногоон эдийн засаг бий болгож буй хүмүүст энэ ажил нь эргээд ашигтай, амьдралаа өөд нь татаад явах боломж олгох ёстой. Өөрөөр хэлбэл энэ хүмүүс эдийн засгийн ашигтай ажиллаад эхлэхийг л ногоон эдийн засаг гэж байгаа шүү дээ. Үүнийг дэмжсэн үйл ажиллагаа Монголын төрийн бодлого болох нь ээ. Тиймээс айл бүхэн, хүн бүхэн хашаандаа мод тарьдаг, энэ ажилд хүн бүхэн оролцдог байгаасай. Айл бүхэн, хүн бүхэн үр хүүхэдтэй болдгийн адил өөр өөрийн ногоон байгууламжийг бий болгоосой.
Энэ ажил эрх зүй, санхүүгийн талаасаа шийдэгдэж байгаад би их баяртай байна. Энэ үйл ажиллагаанд оролцож буй нийт хүмүүсдээ баяр хүргэе.
Мод тарих өдөрт манай ард иргэд, аж ахуйн нэгжүүд улам их идэвхтэй оролцоорой. Зөвхөн тариад орхих биш заавал ургуулах ёстой шүү. Дээр нь мод битгий тайраарай. Тарьсан модоо, зүлгээ битгий устгаарай.
Бидний эргэн тойронд ногоон байгууламж улам өргөжиж бий болоосой гэсэн ерөөлийг хэлье” гэлээ.