Хотын дарга зам засварын явцыг шалгалаа

Хуучирсан мэдээ: 2012.05.13-нд нийтлэгдсэн

Хотын дарга зам засварын явцыг шалгалаа

Улаанбаатар хотод өрнөж буй бүтээн байгуулалтын ажлуудтай Хотын дарга Г.Мөнхбаяр амралтын өдрүүдэд газар дээр нь очиж танилцаж байна. Өнөөдөр Дэнжийн 1000-ийг Хайлаастай холбосон гэр хороолол доторхи замууд болон Сүхбаатар дүүрэг Монгол 3 дугаар сургуулийн ард тал орон сууцны хороолол дундах зам засварын ажлыг тэрбээр шалгалаа. Дэнжийн 1000-ийн автобусны буудлын эцсээс гэр хороолол дунд тавих 1,2 км автозамыг “Оч наран” компани гүйцэтгэж эхэлжээ. 7 дугаар сарын 30 гэхэд энэ замын ажил дуусч иргэд гэртээ сайхан замаар очдог болно гэж гүйцэтгэгч компанийн инженер Хотын даргад амлав. Одоогийн байдлаар ажлын явц 30 хувьтай байна гэдгээ дуулгалаа. Цаашаа гэр хороолол дунд Дэнжийн 1000-ийг Хайлаастай холбосон 4,1 км замын ажлыг “Өргөн говь” компани хийж байна. Энэ зам ашиглалтанд орсноор гэр хороолол дундах бөглөрөл түгжрэлийг багасгах түүнчлэн иргэд ая тухтай зорчих боломж бүрдэх юм.

Энэ жил нийслэлийн авто замын салбарт орон сууцны хороолол дундах замуудыг шинэчлэх ажил түлхүү хийгдэнэ.  Эдгээр ажлын нэг болох Монгол 3-р сургуулийн ард талын орон сууцнууд дундах замыг “Наранбулаг” компани гүйцэтгэж байна. Тус компанийн хувьд 6 дугаар 1 гэхэд 12 хэсэг бүхий замын ажлыг дуусгана гэдгээ илэрхийллээ. Зам барилгын ажлуудад ажлын дадлага туршлагатай хариуцлагатай компаниуд ажиллаж байгаа тухай Нийслэлийн авто замын газрын дарга Д.Од танилцуулж байв.

Улаанбаатар хотод энэ жил 8,5 тэрбум төгрөгөөр зам барилгын ажил хийхээр төлөвлөсөн байгаа. Замын сангийн хөрөнгөөр хийгдэх ажлууд бүгд  эхэлж, газар шорооны ажил буцалж байна. Дээрхи ажлаас гадна Улаанбаатар хотын мастер төлөвлөгөөнд тусгагдсан томоохон бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаа талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г. Мөнхбаяр хэллээ. Тухайлбал Богд уулын хормой тойрсон зам, Нисэхийн замууд гэрээ байгуулах шатандаа, Хөгжлийн банкнаас санхүүжих давхар замын асуудал ч мөн  гэрээ байгуулах шатандаа орсныг дуулгалаа. Зам дагаж хөгжил ирнэ гэдэгчлэн Улаанбаатар хотод зам засах, барих ажил өмнөх жилүүдийн адил ундарч байна.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж