-Тусгай хамгаалалтын бүст амины орон сууц барьж болохгүй гэнэ. Газраа яаж авсан хэрэг вэ?
-Байгаль орчны яамнаас ямар зориулалтаар газар олгосныг нь мэдэхгүй. Тусгай хамгаалалттай газар учраас дүүргийн Газрын алба ч оролцох ёсгүй.
-Барилга барих зөвшөөрлийг танайхаас авах ёстой юу?
-Зөвшөөрлийг нь МХЕГ-аас авах ёстой. Манайд зураг төслөө үзүүлж дүгнэлт хийлгүүлдэг журамтай.
-Танайд зураг төслөө үзүүлсэн үү?
-Үгүй. Зураг төслөө үзүүлэхгүй дур мэдэн барилгын ажил эхэлсэн. Зөвшөөрөл ч аваагүй.
-Амины орон сууц ч байсан заавал танайхаас зөвшөөрөл авах ёстой юм уу?
-Нийслэлийн харьяа газар. Үерийн амнаас зайтай эсэх, цэвэр бохир ус, инженер шугам сүлжээний асуудлаа яаж шийдсэн зэргээр суурьшлын бүс үүсгэхэд юуг зохицуулах ёстой, тэр бүгдийг манайхтай зөвшилцөх учиртай. Барилга том бага нь хамаагүй бүрэн хэмжээний бичиг баримт боловсруулах ёстой юм.
-Баримт бичгийг нь шалгасан уу?
-Манайд барилга барина гэдгээ ч мэдэгдээгүй. Зөвшөөрөлгүй барилга барьсан асуудал Нүхтийн аманд олон бий. Үүнд төрийн байгууллагууд хатуу хяналт тавьж зохицуулах шаардлагатай болсон.
-Зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлэхээр ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Хариуцлага тооцох нь манай асуудал биш. Хуулийн дагуу л хариуцлага тооцох байх.
-Хэсэг хугацааны дараа дахин барилгын ажлаа үргэлжлүүлэх байх даа?
-Зөвшөөрөл л байхгүй юм чинь хариуцлага тооцож дахин үргэлжлүүлэхгүй байх. Барилгын ажлаа үргэлжлүүлэх бол зөвшөөрлөө ном журмын дагуу авах ёстой.
Н.НЯМДЭЛЭГ: ДААЦЫН ХАНЫН БЭХЖИЛТИЙН ХУГАЦАА 28 ХОНОГ БАЙДАГ
-Мэргэжлийн бус хүмүүс барилгын ажил гүйцэтгэснээс болж барилга нурж хүн нас барлаа. Ер нь барилгын бригад, ажилчид дээр танай яамнаас ямар хяналт тавьдаг вэ?
-Барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компанид хяналт тавьдаг. Хөлсний ажилчдад хяналт тавих боломжгүй.
-Амины орон сууц барихад танай яам ямар оролцоотой юм бэ?
-Оролцоогүй. МХЕГ, Нийслэлийн Хот төлөвлөлтийн газрын байцаагч нар хяналт тавих байх.
-Хувийн орон сууцыг зөвшөөрөлтэй барилгын компани гүйцэтгэх ёстой гэсэн зүйл, заалт байхгүй юу?
-Байхгүй. Гэхдээ мэргэжлийн хүн барилгын ажлыг удирдан гүйцэтгүүлэх ёстой.
-Барилгын бригадын тоо олширсон. Гэтэл тэд ямар ч хяналтгүй, барилга дээр ажиллах эрх, зөвшөөрөл ч үгүй байдаг юм биш үү?
-Хуулиар бригадын ажилчдын эрх үүргийг тусгайлан зохицуулаагүй. Харин Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д Барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлэх, үргэлжлүүлэхийг хориглоно гэж заасан бий. Нүхтийн аманд баригдаж байсан тэрхүү барилга зөвшөөрөл аваагүй гэсэн.
-Нурсан шалтгааныг нь хананд цутгасан цемент бэхжээгүй байхад таазны цутгалтыг хийснээс боллоо гэж мэргэжлийн хүмүүс урьдчилсан дүгнэлт гаргасан. Хананд цутгасан цемент хэдий хугацаанд бүрэн бэхждэг юм бэ?
-Даацын ханын бэхжилтийн хугацаа 28 хоног байдаг. Бэхжилт 70 хувьтай болсон тохиолдолд бэхэлгээг авдаг стандарт нормтой.
-Гэтэл аврах ажиллагаа явагдаж байхад зуурмаг нь нойтон байсан шүү дээ?
-Барилга барих стандартын норм зөрчсөн учраас осол гарч байгаа юм. Миний авсан мэдээллээр ханын цутгалтын цементийг хийснийхээ дараа шууд таазны цутгалтыг хийчихсэн юм билээ. Тэгэхээр нурах нь тодорхой.
-Түргэн хугацаанд хатдаг цемент гэсэн шүү дээ?
-Технологи нь тийм байж болно. Гэхдээ хана бүрэн бэхжсэний дараа дараагийн цутгалтыг хийх ёстой.
-Барилгын ажлыг мэргэжлийн хүн удирдана гэж ярьсан. Амины орон сууц барихад хамаарахгүй гэж үзсэн юм биш биз дээ?
-Орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгыг мэргэжлийн хүнээр удирдан гүйцэтгэх ёстой гэсэн заалт хуульд бий. Гурван айлын амины орон сууц ч гэсэн энэ хуульд хамаарах ёстой.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин.