Е.Сагсай: Н.Энхбаярыг долоон сар гаруй шалгасан

Хуучирсан мэдээ: 2012.05.13-нд нийтлэгдсэн

Е.Сагсай: Н.Энхбаярыг долоон сар гаруй шалгасан

Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсайтай ярилцлаа.

-Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг хэзээнээс эхэлж шалгасан бэ? Одоо хэрэг хаана шалгагдаж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Улсын мөрдөн байцаах газар болон Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Н.Энхбаярыг 2011 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр сэжигтнээр тооцон, долоон сар гаруй хугацаанд шалгасан. Дээрх ажлын хэсэг зохих шалгалтыг хийж дуусган яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт ирүүлсэн бөгөөд тус прокурорын газраас Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг хянан 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харъяалал тогтоолгохоор Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байна. Мөрдөн байцаах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан бөгөөд мөрдөн байцаагчийн саналыг үндэслэн прокурор шүүхэд танилцуулж, шүүхийн шийдвэрээр Н.Энхбаярыг цагдан хорьсон болно.

-Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрнаас Н.Энхбаярыг Улаанбаатар дахь цагдан хорих төвийн эмнэлэгт ямар учраас шилжүүлэх болсон бэ?

-Н.Энхбаяр Төв аймаг дахь цагдан хорих байранд хоригдож байхдаа 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өлсгөлөн зарласан. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 144 тоот тушаалаар томилогдсон мэргэжлийн эмч нарын баг 2012 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зөвлөлдөж Н.Энхбаярт холбогдох шинжилгээг яаралтай хийлгэх дүгнэлт гаргасны дагуу Улаанбаатар хот дахь Цагдан хорих төвийн эмнэлэгт шилжүүлж авчирсан юм. Мөн 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр дээрх  эмч нарын хамтарсан үзлэгээр Н.Энхбаярыг дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх тухай гаргасан зөвлөмж болон түүний гэр бүл, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улсын клиникийн нэгдсэн 2 дугаар эмнэлэгт хүргэсэн байна.

-Албадан эмчилгээг ямар байгууллага хариуцан хийх үүрэгтэй вэ?

-Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль болон баривчлах цагдан хорих байрны дотоод журамд өлсгөлөн зарласан этгээдийн амь насанд аюул учирч болох тохиолдолд эмчийн дүгнэлтийг үндэслэн албадлагын арга хэмжээ авч болохыг тодорхой заасан байгаа. Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайд, Хууль зүйн сайдын 1999 оны А/26, 10 тоот хамтарсан тушаалаар баталсан “Өлсгөлөн зарласан үед эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх заавар”-т зааснаар өлсгөлөн зарлагчийн өвчин эмгэг хүндрэх тохиолдолд албадан эмчилгээнд оруулах үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээдэг.

Х.Билгээ /2012 оны 05 дугаар сарын 11/
Эх сурвалж: www.gpo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж