Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Төв аймаг дахь хорих ангид өлсгөлөн зарласан цагаас өнөөдрийг хүртэл Эрүүл мэндийн яамнаас ямар арга хэмжээ авч, ажиллаж буй талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга (ТНБД) Н.Түмэндэмбэрэл эхлээд мэдээлэл өгөв.
Н.Энхбаяр Төв аймгийн хорих төвд хоригдож байхдаа өлсгөлөн зарлахаа мэдэгдсэний дараа Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Клиникийн нэгдсэн II эмнэлгийн дарга Г.Баясгалангаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулжээ. Тэрхүү мэргэжлийн баг тавдугаар сарын 4-нд хорих ангид очиж, Монгол Улсын иргэн хүн өлсгөлөн зарлахад ямар үзлэг хийж, үйлчилгээ үзүүлэх ёстой тэр хуулийн дагуу мэргэжлийн эмч нар Н.Энхбаярын биеийн байдалд үзлэг хийж, шаардлагатай үйлчилгээ үзүүлсэн байна. Өлсгөлөн зарлахад сүрьеэ, халдварт, сэтгэц мэдрэл, дотор, мэс засал, хавдар гээд есөн төрлийн өвчний хориглох заалт байдаг ба тухай бүрт нь мэргэжлийн эмч нарын баг, Н.Энхбаярын өөрийнх нь сувилагч н.Цэнгэлмаагийн хамт үзлэг хийжээ. Дараа нь Н.Энхбаярын гэр бүл, ар гэрийнхний хүсэлтийн дагуу өөрийнх нь эмчлэгч эмч н.Тунгалаг, сувилагч н.Цэнгэлмаа нарын хамт МАХН-ын даргыг Урьдчилан хорих 461 дүгээр ангийн эмнэлэг рүү шилжүүлж, эмчийн хяналтад оруулсан байна.
Улмаар ШШГЕГ-аас давтан шинжилгээ хийж, биеийн байдалд нь үнэлэлт хийх шаардлагатай гэсэн тул Эрүүл мэндийн сайдын тушаалаар Ажлын хэсэг тавдугаар сарын 7-нд Урьдчилан хорих 461 дүгээр ангид очиж, давтан шинжилгээ хийсэн байна. Ингэхдээ рентген, ЭХО, амьсгалын замын гээд шаардлагатай бүхий л тоног төхөөрөмж бүхий нүүдлийн эмнэлэг очиж, үйлчилсэн гэдгийг Эрүүл мэндийн яамны ТНБД онцолж байлаа. Давтан шинжилгээгээр гурав дахь шатлалын эмнэлгийн хяналтад өлсгөлөнг нь үргэлжлүүлэх нь зүйтэй, энэ хэвээр байвал эрсдэл үүсч болзошгүй гэсэн дүгнэлт гарч, улмаар тавдугаар сарын 9-нд МАХН-ын даргыг Клиникийн нэгдсэн II эмнэлэгт шилжүүлсэн. Одоо ч биеийн байдалд нь хяналт тавьж байгаа гэнэ. Түүний хэлснээр Н.Энхбаярын өлсгөлөн ес дэх хоногтоо үргэлжилж байгаа, биед нь өөрчлөлт гарсан гэв. Түүнчлэн Эрүүл мэндийн яам болоод Клиникийн нэгдсэн II эмнэлгийн удирдлага хуулийн хүрээнд, өөрт нь, өөрийнх нь хүсэл зорилгод хүндэтгэлтэй хандаж байгаа, шаардлагатай эмчилгээ, эмнэлгийн тусламж үзүүлж байгаа аж.
Эрүүл мэндийн яамны удирдлага баасан гаригт Клиникийн нэгдсэн II эмнэлэгт очиж, Н.Энхбаярын биеийн байдлын талаар эмч нартай зөвлөлдөж, зөвлөгөөнөөс дүгнэлт гаргажээ. Улмаар Эрүүл мэндийн сайдын тушаалаар зөвлөх үйлчилгээний баг томилсон байна. Үүнд чиглэл бүрт мэргэжлийн шилдэг баг бүрдүүлэхийг зорьсон бөгөөд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Анагаах ухааны доктор, профессор Д.Гончигсүрэнгээр ахлуулсан мэргэжлийн эмч нарын баг ажиллах болсныг ЭМЯ-ны ТНБД Н.Түмэндэмбэрэл сэтгүүлчдэд мэдээлэв.
Дараа нь, Клиникийн нэгдсэн II эмнэлгийн дарга Г.Баясгалан МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Тавдугаар сарын 9-нд буюу өнгөрөгч лхагва гаригт Н.Энхбаярыг тус эмнэлэгт шилжүүлэх үед түүний биеийн байдлыг хүндэвтэр гэж дүгнэж байсан бол одоо байдал хүндэрсэн, өдрөөс өдөрт хүндэрч байгаа гэв. Хэл хуурай, ярихад хүндрэлтэй, арьс мөн хуурай, салст шар ногоон, уушги цулцантай, биеийн дулаан 35 хэм болсон, өлсгөлөн зарласан цагаас хойш 10 гаруй кг турсан гэдгийг Г.Баясгалан хэллээ. Мөн амнаас нь ацетон үнэртэх болсон, энэ нь биеийн эд эс идэгдэж эхэлж байгаагийн шинж гэв. Түүнчлэн эрдэс, ус, тэжээлийн дутагдалд орсон, өлсгөлөнг нэн даруй зогсоохгүй бол онц аюултай, эмнэлгийн удирдлага, эмч нарын зүгээс өлсгөлөнгөө зогсоож, биеийн байдлаа анхаарахыг байнга хэлж, ярьж, шаардаж, ятгаж байгаа боловч Н.Энхбаяр хатуу байр суурьтай байгаа гэдгийг ч хэллээ. Н.Энхбаяр эмчилгээ, шингэнээс татгалзаж байгаа, хүний нэг өдрийн шингэний хэрэгцээ 2-3 литр байдаг, харин Н.Энхбаяр 400 граммаас хэтрүүлэхгүй байхыг шаардаж байгаа гэнэ. Ямартай ч эмнэлгийн зүгээс биеийн байдалд нь онцгой анхаарч ажиллаж байгаа гэдгийг онцоллоо.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Цагдаагийн ерөнхий газраас Н.Энхбаярыг албадан эмчлэх тухай шийдвэрийг өчигдөр Клиникийн нэгдсэн II эмнэлгийн удирдлагад албан ёсоор танилцуулсныг Г.Баясгалан хэлэв. Гэвч Н.Энхбаяр албадан эмчилгээнээс татгалзаж, гомдол гаргасан тул албадан эмчлэх асуудал үндсэндээ гацаанд орсон гэнэ. “Эмч хүн ямар нэг хүч хэрэглэх байдлаар хүн эмчлэх ёсгүй, энэ асуудал нь ёс суртахуунгүй, нөгөө талаар эрхзүйн хувьд ч байж боломжгүй. Н.Энхбаярын ар гэрийнхний зүгээс хэрэв албадан эмчилгээ хийх явцад түүний бие, амь насанд аюул учирч, эрсдэл гарвал Клиникийн нэгдсэн II эмнэлэгтэй хариуцлага тооцно гэдгийг анхааруулсан” хэмээн Г.Баясгалан хэллээ. Тиймээс тус эмнэлгийн хувьд ч хүнд байдалд орсныг тэрбээр хэлээд, аль нэг нам, улстөрийн хүчний шахалт, шаардлагаар ийм зүйл ярьж, хэлж байгаа биш, Н.Энхбаярын эмчлүүлж буй эмнэлгийг хариуцсан удирдлагын үүднээс энэ тухай мэдэгдэж байгаагаа онцлохыг хүссэн юм.