Гурван шинэ аварга төрлөө

Хуучирсан мэдээ: 2012.05.12-нд нийтлэгдсэн

Гурван шинэ аварга төрлөө

Монголын бүх ард түмний спортын ХIII наадмын чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр Спортын төв ордонд эхэллээ.

Тэмцээний нээлтийн ёслолд БТСГ-ын дарга, Гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар үг хэлэхдээ “Эрэгтэй чөлөөт бөхийн төрөл 1963 онд Бүх ард түмний II спартакиадын хөтөлбөрт анх орсноос хойш 12 дахь удаагаа, эмэгтэй чөлөөт бөхийн төрөл 2004 онд Бүх ард түмний спортын наадмын хөтөлбөрт анх орсноос хойш гурав дахь удаагаа спортын наадмын хөтөлбөрт багтан болж байна. Энэ тэмцээнийг зохион явуулахад зориулж улсын төсвөөс 52 сая төгрөг гаргасан. Энэ удаагийн их наадмын чөлөөт бөхийн тэмцээн нь Зуны олимпийн наадмын өмнө болж олимпийн наадамд оролцох бөхчүүдийн томоохон сорилго болж байгаа юм. Олимпийн наадмын 8 эрх өвөртлөөд байгаа чөлөөт бөхийнхөн энэ тэмцээнд чөлөөт бөхийн гайхамшигийг үзэгчиддээ харуулж улмаар урьдын сайхан уламжлалаа үргэлжлүүлж Зуны олимпийн ХХХ наадмаас алтан медаль авахыг хүсэн ерөөж байна” гэж онцлон дурдлаа.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Б.Болд, нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, олон улсын хэмжээний мастер, Улсын аварга Д.Сумьяабазар, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч О.Баянмөнх, “Хасу-Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш, “Монгол харвест” компанийн захирал Р.Ууганбаяр, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном тэрчлэн МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Ардын багш, Гавьяат тамирчин Ц.Дамдин нар оролцлоо.

Энэ тэмцээнд нийслэлийн Багануур, Багахангай, Баянгол, Баянзүрх, Налайх, Сонгино-Хайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Сүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн  биеийн тамир, спортын газар, “Аврагч”, “Алдар”, “Хилчин”, “Хүч”, “Сүлд” спорт хороо зэрэг 28 байгууллагын 325 бөх оролцож байна. 2010 онд Дархан-Уул аймагт зохиогдсон УАШТ-нд нийт 197 бөх зодоглож байсан юм.

Тэмцээнд оролцож байгаа бөхчүүдийн дотор Гавьяат тамирчин 6, дэлхийн аварга 1, ДАШТ-ний медальт бөх 8, залуучуудын дэлхийн аварга 1, залуучуудын ДАШТ-ний медальт бөх 7, Универсиад наадмын аварга 1, оюутны дэлхийн аварга 5, өсвөр үеийн ДАШТ-ний медальт бөх 3, Азийн тоглолтын аварга 2, Азийн тоглолтын медальт 8, Азийн аварга 2, Азийн аварга шалгаруулах тэмцээний медальт бөх 26, Ази тивийн залуучуудын аварга 6, Ази тивийн өсвөр үеийн аварга 4, олимпийн наадмын эрх авсан 8 бөх, олон улсын хэмжээний мастер 43, спортын мастер 47, бусад нь зэрэгтэй бөхчүүд байна. Тэмцээнд олимпийн зэрэглэлийн шүүгч 1, олон улсын шүүгч 17, улсын шүүгч 15 тэдний дотор эмэгтэй шүүгч 2 нийт 33 шүүгч ажиллаж байна. Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Б.Төмөрбаатар ажиллаж байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэй 55, 74 кг, эмэгтэй 51, 59, 67 кг-ийн жингийн барилдаан боллоо. 67 кг-ийн жинд барилдаж байсан ДАШТ-ний мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Б.Оюунсүрэн бэртэл авсан учир тэмцээнийг орхисон. 74 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж, П.Өнөрбат нарын барилдаан үзэгчдийн анхаарлыг онцгой татаж П.Өнөрбат өрсөлдөгчөө нэгдүгээр үед клинч барьцаар хожиж хоёрдугаар үед 3:2 онооны харьцаагаар дийлж хэсгээсээ шалгарсан. 

Спартакиадын хошой аварга цолыг олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг, П.Өнөрбат нар хүртэж олон улсын хэмжээний мастер Ц.Баярзаяа, Э.Бэхбаяр, спортын мастер Б.Тунгалаг нар анх удаа спартакиадын аварга боллоо. 1999 онд болсон эмэгтэй чөлөөт бөхийн анхны УАШТ-нд оролцож 44 кг-ийн жинд 16 настайдаа хүрэл медаль байсан, тэрхүү УАШТ-нд оролцож байсан бөхчүүдээс одоо болтол барилдаж байгаа ганц бөх болох олон улсын хэмжээний мастер А.Чанцалнямаа 67 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэнээр Бүх ард түмний спартакиадын мөнгө, хүрэл медальт, УАШТ-ний 2 мөнгө, 8 хүрэл медальт бөх боллоо.

Бүх ард түмний спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээний эхний өдрийн дүн:

Эрэгтэй

55 кг     1. Эрдэнэбатын Бэхбаяр /”Сүлд” спорт хороо/
            2. Гаадангийн Амархүү /Хан-Уул дүүрэг/
            3. Содномдашийн Батболд /”Аврагч” спорт хороо/
            3. Дамдинбазарын Цогтбаатар /“Алдар” спорт хороо/

74 кг     1. Пүрэвжавын Өнөрбат /Хан-Уул дүүрэг/      
            2. Дугарсүрэнгийн Лхагвадорж /Төв аймаг/
            3. Доржваанчигийн Гомбодорж /“Хүч” спорт хороо/
            3. Баатарын Нямбаяр /Сонгино-Хайрхан дүүрэг/

Эмэгтэй

51 кг     1. Даваасүхийн Отгонцэцэг /Хан-Уул дүүрэг/
            2. Эрхэмбаярын Даваачимэг /“Хилчин” спорт хороо/
            3. Баярмагнайгийн Даваасүрэн /Орхон аймаг/
            3. Пүрэвдоржийн Орхон /Баянзүрх дүүрэг/

59 кг     1. Тунгалагийн Мөнхтуяа /Орхон аймаг/
            2. Доржийн Нармандах /“Хүч” спорт хороо/
            3. Гансүхийн Номинзул /Хан-Уул дүүрэг/
            3. Цэндсүрэнгийн Одмаа /”Хилчин” спорт хороо/

67 кг     1. Цэрэндоржийн Баярзаяа /худ“Хангарьд” клуб/
            2. Амгаланбаатарын Чанцалнямаа /“Хүч” спорт хороо/
            3. Отгонбатын Оюунтуяа /“Аврага”, БТДСхуд/
            3. Эрдэнэцогийн Цогтгэрэл /Сонгино-Хайрхан дүүрэг/

Д.Өлгийсайхан, Монголын чөлөөт бөхийн холбоо
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж