Францын Ерөнхийлөгч хуучин эхнэрээ ч мартсангүй

Хуучирсан мэдээ: 2012.05.12-нд нийтлэгдсэн

Францын Ерөнхийлөгч хуучин эхнэрээ ч мартсангүй

Францын шинэ Ерөнхийлөгч социалист Франсуа Олланд нууц амраг, хамтран амьдрагчаа Тэргүүн хатагтай болгож дөрвөн хүүхдийнх нь  ээж, 30 жил ханилаад салсан эхнэрээ хамгийн нөлөө бүхий албан тушаалд томилох гэнэ. Франсуа Олланд эхнэрээ өөрөөсөө 11 насаар дүү сэтгүүлч Валери Триервейлерээр сольсон аж. Харин салсан эхнэр нь хариуд нь түүнийг Францын Ерөнхийлөгч болоход нь саад болох гэж оролдож байсан юм. Гэвч Францын социалист шинэ Ерөнхийлөгч хуучин эхнэрээ парламентын Үндэсний ассамблейн тэргүүнд томилж, тус улсын хамгийн хүчирхэг эмэгтэй болгохоо мэдэгджээ. Үндэсний ассамблейн тэргүүн нь Францын ерөнхийлөгч, ерөнхий сайдын дараа орох хамгийн нөлөө бүхий албан тушаал гэнэ.

Франсуа Олландын хуучин эхнэр Сеголен Руаяль өнгөрсөн жил ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөө нөхөртэйгээ өрсөлдөж байсан аж. Тэр  үед Сеголен “Сүүлийн 30 жилийн хугацаанд  Франсау Олландын юу хийснийг хэлэх хүн байна уу?” хэмээн мэдэгдэж байсан юм байна. Гэвч Сеголен Руаяль Францын Үндэсний ассамблейн тэргүүний суудалд суух нь нэгэнт тодорхой болсон аж. Францын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Франсуа Олланд ирэх долоо хоногт тангаргаа өргөсний дараа Засгийн газраа байгуулах юм. Франсуа Олланд Францын телевизээр Сеголен Руаялийг Үндэсний ассамблейн тэргүүнээр томилох нь хамгийн зөв шийдвэр хэмээн мэдэгджээ. Франсуа Олланд хуучин эхнэрийнх нь улс төрийн өөр байр суурь, туршлага түүний зүүний чиглэлийн үзэл баримтлалд тус дэм болно гэж найдаж байгаа аж. Социалистууд өөрийг нь хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ гэсэн сэтгүүлчдийн асуултанд Сеголен Руаяль бүх юм сайхан болно хэмээн хариулсан гэнэ. 2007 оны ерөнхийлөгчийн сонгуульд Николя Саркозид ялагдсан Сеголен Руаялийг энэ онд сонгуульд дахин өрсөлдөх гэхэд нь намынхан нь дургуйцсэн юм байна. Сеголен Руаяль “Франц улс 2007 онд хатагтай ерөнхийлөгчтэй болоход эрт байсан” хэмээн мэдэгдэж байсан юм. Тэрбээр саяхан  мөн Франсуа Олланд сонгуулийн кампанит ажлын үеэр өөрийнх нь зарим санааг гаргаж ирсэн гэж үзэж байгаа аж.

Харин Франсуа Олландын хамтран амьдрагч Валери Триервейлер Францын түүхэн дэх хамгийн анхны “албан ёсны бус” тэргүүн хатагтай болж байна. Франсуа Олланд, Валери Триервейлер нар олон жил хамтран амьдарч буй авч гэрлэх тухай боддог ч үгүй гэнэ. Учир нь социалист хос гэрлэлтийг хөрөнгөтний эвлэл гэж үздэг гэнэ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж