Хуучирсан мэдээ: 2012.05.12-нд нийтлэгдсэн

Дэлхийн түүхэнд хүмүүсийг хэдэн зуун мянгаар нь хоморголон устгасан хэрцгий үйлдлүүд цөөнгүй бичигдсэн байдаг. Тэр дунд өөрийн ард түмнийг сая саяар нь хэлмэгдүүлсэн Камбожийн түүх энэ үеийнхний гайхал бас зэвүүцлийг өөрийн эрхгүй төрүүлдэг. Найман сая иргэнтэй байсан Камбож улс их сургуулийн багш Пол Пот гэгчийн "гавъяа"-гаар гуравхан жилийн дотор 3 сая хүнээ алдсан юм. Марксын онолыг үргэлжлүүлж коммунист нийгмийг байгуулахын тулд түүхэнд "улаан кхемерүүд" гэж нэрлэгдсэн Пол Потын дагалдагчид ард түмэндээ ийм их хохирол амсуулсан. 1975 онд ерөнхийлөгч Лон Нолыг ширээнээс нь зайлуулсны дараа Пол Пот төрийн толгойд дөрвөн жил суусан юм. Ахар богино хугацаанд өөрийн үл гүйцэлдэх үзлээ хэрэгжүүлэхээр санаархахдаа бүхэл бүтэн үндэстэнг орвонгоор нь сүйрүүлжээ. Пол Потын засаглалын жилүүдэд Камбож орныг нэлэнхүйд нь "явдаг үхдэлийн газар" хэмээн нэрлэж байв. Түүний 1978 онд онд Югославын сэтгүүлчид өгсөн ярилцлага одоо хүртэл хүмүүсийн анхаарлыг татаж байдаг. Учир нь энэ яриа түүнийг хэр хуурамч, зальтай нэгэн байсныг харуулдаг юм. Үхдэлээр дүүрч, хот суурин газрууд нь балгас болсон Камбож орны хар барааныг тэр яриагаараа тун чадварлаг нуужээ. Гэвч хэтэрхий их цус, нулимс урсгасан түүний харгислалыг хүн төрөлхтөн хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

Камбожийн удирдагч Пол Пот: БИДНИЙ АМЬДРАЛ САЙХАН БАЙНА

-Танай орон өмнөхөөсөө тэс ондоо нийгэмтэй болохыг зорьж байна. Яг ямар нийгмийг байгуулна гэж төсөөлж байгаа юм бэ?

-Энэ шинэ нийгмийг урьд нь хэн ч байгуулж чадаагүй. Тиймээс ийм тийм гэж жишээ болгох зүйл алга байна л даа. Яг таг тодорхойл гэх юм бол Камбожийн ард иргэд бүгд эрх тэгш байх тийм нийгэм гэж болно. Мэдээж энэ бүхэн ажилчдын хүч хөдөлмөр дээр тогтоно. Хүмүүст таалагдаж байгаа учир тэд шинэ нийгмийн төлөө хичээж байна. Хэрэв тэд зөв зам биш гэж үзвэл зогсож болно. Тэдний эрх шүү дээ. Хэрэв ард түмэн хүсэхгүй бол бид юу хийж чадах юм бэ?

/Төрийн эрхийг хүчээр булаан авч өмнө нь байсан удирдагчийн ойр тойрны хүмүүсийг бүгдийг нь цаазалсан тул түүний тушаалыг эсэргүүцэх хүн тун цөөн. Харин тэр зориг гаргаж эсэргүүцсэн цөөнх нь даруй үхдэл болно. Пол Потын хотод оршин сууж байсан гурван сая хүний бүх эд хогшлыг хураан авч, гэр орноос нь хөөн гаргаад улс орноо бүхэлд нь нэг том хөдөлмөрийн лагерь болгосон. Эх орноосоо урвасан гэсэн нэрийдлээр барьсан хэдэн зуун мянган хүн шорондоо багтахгүй, үхсэн хүмүүст нь авс байтугай хаях жалга олдохгүй болсон тухай хожим кхмерүүдийн нэг дурссан байдаг. /

-Өнгөрсөн 3 жилд та шинэ нийгмийн төлөө юу хийв?

-Хамгийн түрүүнд бид хүчээ нэгтгэж байж улс орныхоо эдийн засгийг босгож чадсан гэдгийг дурдах хэрэгтэй. Бид газар тариаланг хөгжүүлж цагаан будааны хэрэгцээнийхээ 80, 90 хувийг хангадаг болно гэсэн төлөвлөгөөгөө аль хэдийн биелүүлсэн. Манай иргэдийн амьдрал дээшилж бусад оронд экспортлох хэмжээнд хүрсэн шүү. Бидний амьдрал сайхан байна. Газар тариалангаа энэ эрчээрээ хөгжүүлээд байвал үунийгээ дагаад үйлдвэрлэл, гар урлалаас гадна нийгэм соёлын өндөр түвшинд хүрэх боломжтой. Бас хумхаа өвчнийг 90 хувь бууруулж чадсан. Үүнээс гадна хуучин нийгмийн шүдний өвчин байсан бичиг үсэггүй байдлыг таслан зогсоосон. Урьд нь их сургуулиуд зөвхөн хот суурин газар төвлөрч хөдөө тосгоныхон бичиг үсэггүй хоцрогддог байсан шүү дээ. Одоо энэ бүхэн үндсэндээ шийдэгдсэн гэж болно. Хүмүүс бичиг үсэгтэй байна гэдэг соёлыг хүлээж авч чадна гэсэн үг.

/Тиймээ, тэд үнэхээр их тариа будаа хураасан. Гэвч долоон настай хүүхдээс эхлээд хүн бүр тариан талбайд өдөрт 12 цаг зогсолтгүй ажиллах хэрэгтэй болж, хумхаа өвчинд баригдсан хүмүүс эмнэлгийн тусламж авч чадалгүй олноороо үхжээ. Унтлагын нэг дэвсгэр даавуу, жилд нэг удаа олгодог хар ажлын ээлжийн хувцсыг эс тооцвол хувийн өмч гэсэн ойлголт байхгүй болохоор мөнгө хэрэггүй, эрээн цаас болж гудамж, талбайгаар нэг хөглөрч байжээ. Тиймээс Камбожийн ард иргэдэд бичиг үсэг огт хэрэггүй, соёлжилтын талаар ярих нь бүр ч утгагүй байсан юм./

-Гэхдээ Камбожид нэг ч их сургууль, коллеж одоогоор байхгүй байгаа биз дээ?

-Бид газар тариалангаар дамжуулж үйлдвэрлэлийг маш эрчимтэй хөгжүүлэхийг зорьж байна. Үйлдвэрлэлийг бий болгохын тулд бидэнд капитал хэрэгтэй. Тариа будаагаараа бид хэрэгцээтэй зүйлсээ сольж, бусад салбараа дор нь босгочихно. Их сургуулийн өндөр боловсрол гэсэн тэнэгдүү яриа хуучин нийгэмтэй хойно хоцорсон. Манай ард түмэн практик дадлагаар техникийн мэдлэг чадвараа хөгжүүлж байна. Хүмүүс ажиллахын зэрэгцээ суралцаж байна. Тиймээс хөрөнгө, цаг гарзадсан их сургуулийн тогтолцоо бидэнд хэрэггүй. Өмнө нь олон хүн гадаад руу явж их, дээд сургуульд сурч байсан. Тэд улс орныхоо төлөө ер нь юу хийсэн юм бэ? Практик дадлагаар аливаа зүйлийг хийхэд эхэндээ алдаа гарах нь магад. Гэхдээ бас нэг туршлага болж үлдэнэ шүү дээ. Бид одоо өөрсдийгөө техникийн тал дээр бүрэн хангаж чадаж байна.

/Пол Потын дэглэмийн үед эмч, багш, хуульч гээд сэхээтнүүд өөрийн мэдлэг, чадвараа нуух хэрэгтэй болдог байсан. Бүх хүн тариачин байх ёстой учир бусдаас ямар нэг чадвараараа давуу байж болохгүй. Улаан кхемерүүд хэрэв техник, зэр зэвсгийн тал дээр сайн байсан бол сумаа хэмнэх гэж хүмүүсийг хүрзээр цохиж хороохгүй л байсан байх. Сургууль барьж чадахгүй байгаа шалтгаанаа бас л эвтэйхэн хариултаар аргалжээ./

-Ардчилсан Камбож хөрш орнуудтайгаа таармжгүй байгаа нь бидэнд илт харагдаж байна. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

-Бусад шинээр эрх чөлөөгөө олж авсан орнуудад тохиолддог асуудал л Камбожид тулгараад байна. Бид өөрсдийн гараар өөрсдийнхөө эрх чөлөөг бүтээж байгаа болохоор импиралистуудын уур нь хүрч байгаа. Гэсэн ч бид өөрсдийн замаар явсаар байх болно. Үнэн хэрэгтээ шинэ нийгмийн төлөө зүтгэх нь бусад үндэстний сэлэмний ирэнд үхэхээс дээр гэж бодож байна. Вьетнам гэхэд хөрөнгөтнүүдийн талд орж биднийг олон зүйлээр шахан хавчиж байна. Ийм байхад би зүгээр инээгээд сууж чадна гэж үү. Хэрэв вьетнамчууд болон бусад орон бидний бие даасан байдал, эрх чөлөөнд халдахыг завдахгүй л бол бид зөрчилтэй байгаа асуудлыг тэр дор нь шийдэхэд хэзээд бэлэн байх болно.

/Улаан кхемерүүд нутаг нэгтнүүдээ сая саяар нь алж устгах төдийгүй, хөрш зэргэлдээ Вьетнамын хилийг зөрчин, тосгон суурин, тариалангийн талбайг нь галдан шатааж, залуу бүсгүйчүүдийн амийг хөнөөж элгийг нь хуулан шарж идэх гэхчилэн үзэшгүй муухай зүйл хийж байсныг тухайн үеийн Вьетнамын хэвлэл мэдээлэлд олонтаа бичиж байв. Пол Пот Камбож хүн гадныхны сэлэмний ирэнд үхэх ёсгүй, харин өөрсдийнхний суманд үхэх нь зүйтэй гэж үздэг байсан бололтой./

-Дэлхийн хэвлэлүүд танай орныг гадаад ертөнцөөс тусгаарлагдсан хорих лагер шиг байна гэж бичиж, ярьж байна. Та хүлээн зөвшөөрөх үү?

-Бид шинэчлэлт хийснээсээ хойш үргэлж бусад орнуудтай найрсаг харилцахыг хичээж ирсэн. Хүссэн болгон нь энд ирж бидний амьдрал хэрхэн сайжирч байгааг харж болно шүү, үнэхээр өөрчлөгдсөн.

/Хатуу хараа хяналттай хөдөлмөрийн лагераас азаар зугтаж гарсан хүмүүс л Камбожийн тухай үнэн бодит мэдээллийг гадаад ертөнцөд хүргэж байв. Бүр эхнэр нөхөр хоёрыг хамт байлгахгүй гэж өөр өөр лагерьт хуваарилдаг байжээ. Тэдэнд хайртай хүнтэйгээ гэрлэх байтугай намаас хүчээр гэрлэхийг шаардсан тушаалыг нь зөрчих эрх байхгүй. Зөрчвөл мэдээж улаан кхемерццдийн гарт үхнэ./

-Таны тухай асуухгүй буцвал уншигчид маань сэтгэл дундуур үлдэнэ. Пол Пот гэж хэн бэ?

-Би намын удирдагч гэхээсээ Камбожийн ард түмний нэг хэсэг. Би жирийн нэг тариачны гэр бүлд төрж бага байхаасаа тариан талбай дээр аав ээждээ тусалж өссөн. Камбожийн бараг бүх газраар аяласан. Тиймээс улс орныхоо эдийн засаг, газар зүйн байдлыг сайн мэднэ.

/Үнэндээ жинхэнэ нэр нь Пол Пот биш, Салот Сар юм. Түүний эцэг нь жирийн тариачин биш харин том газрын эзэн байсан аж. Пол Пот хамсаатнуудынхаа хамт кхемерүүдийн дэглэм нуран унасны дараа олон жил ширэнгэн ойд бүгж байгаад 1998 онд учир битүүлгээр нас баржээ. Пол Пот ердийн үхлээр үхсэн үү, үгүй юу гэдэг нь тодорхойгүй хэвээр үлдсэн. Хуучин хамтрагчид нь өнгөрсөн үеийн харгислалд хэн яаж оролцсон тухай олон улсын шүүхэд ам нээнэ хэмээн айсандаа түүнийг хордуулж алсан гэх нь бий./

Пол Потыг үхсний дараа хүртэл түүнд гар хүрч зүрхлэхгүй, сүнс нь амар амгаланг нь алдуулагчаас өшөө авна гэж айснаас булшийг нь газартай тэгшлээгүй гэдэг. Түүний цогцсыг шатаахдаа сүнс нь хамраараа гарч явахдаа хүний аминд хүрэх вий гэж эмээсэндээ хамрын нүхийг нь хөвөнгөөр бөглөсөн хэмээн ярьдаг. Тэр ингэтэл нь Камбож хүмүүсийн зүрхийг үхүүлжээ.

Эх сурвалж: www.24tsag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж