Москвагийн Техникийн их сургуульд зочлов

Хуучирсан мэдээ: 2012.05.12-нд нийтлэгдсэн

Москвагийн Техникийн их сургуульд зочлов

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Идэвхтэн саяхан Н.Э.Бауманы нэрэмжит Москвагийн техникийн улсын их сургуульд зочилж, тус сургуулийн зайнаас тандан судлах лаборатори, хэдхэн хоногийн өмнө нээгдэж, ёслолын ажиллагаанд нь ОХУ-ын төрийн тэргүүн биечлэн оролцсон орчин үеийн техник технологийн "Фотоника и ИК-техника" төвийн үйл ажиллагаатай танилцав.

Элчин сайд Д.Идэвхтэнг тус их сургуулийн захирал А.А.Александров хүлээн авч уулзаж ярилцав. А.А.Александров найрамдалт харилцаатай Монгол Улсын Элчин сайд өөрийнх нь сургуульд зочилж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд улс орны эдийн засаг сэргэж хөгжихийн хэрээр боловсрол, шинжлэх ухааны салбар, түүний дотор тус сургуулийн үйл ажиллагаа шинэ нөхцөлд идэвхжиж байна. Засгийн газраас дэвшүүлсэн шинжлэх ухаан, технологийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болох мэдээллийн систем, нано технологи, шинэ материал, хэмнэлттэй эрчим хүч, био технологийн салбар болон аюулгүй байдлыг хангах, терроризмтэй тэмцэх, тээврийн салбарыг хөгжүүлэх, агаар сансрын уудмыг ашиглах, цэрэг, батлан хамгаалахын техникийг шинэчлэх зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулж, энэ чиглэлээр орчин үеийн багаж төхөөрөмж, технологи, арга зүйд сууриласан судалгаа шинжилгээ, туршилт явуулж, өндөр чадвартай мэргэжилтэн бэлтгэх ажлыг бид хариуцан гүйцэтгэж байна гээд манай сургууль Оросод төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэдэг уламжлалаа шинэ агуулгаар баяжуулж байна хэмээн онцлон тэмдэглэв.

Москвагийн техникийн улсын их сургууль Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтын ажиллагаатайг А.А.Александров уулзалтын үеэр дурдаад бид багш мэргэжилтэн харилцан солилцож байна. Энэ оны 6 дугаар сарын 6-8 ны өдрүүдэд болох Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн проректор тэргүүтэй төлөөлөгчид оролцохоор бэлтгэлээ базааж байна гэв. Түүнчлэн тус их сургуульд Монгол Улсаас 1 докторант, 2 оюутан суралцаж байгаа нь бага тоо, цаашид энэ тоог нэмэгдүүлж инженерийн чиглэлийн шилдэг боловсон хүчнийг сургах бүрэн боломжтойг тэмдэглэн хэлэв.

Элчин сайд Д.Идэвхтэн нэн элгэмсэг, хүндэтгэлтэй хүлээн авч, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд ректор А.А.Александровт талархал илэрхийлээд дэлхийд алдартай энэ сургуульд зочилж байгаадаа баяртай байна. Манай 2 орон олон жилийн уламжлалт сайн харилцаатай, энэхүү харилцаа шинэ нөхцөлд стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байнагэж онцлон тэмдэглэв. Тэрбээр цааш нь манай улсын хөгжилд өндөр чадвартай инженерийн чиглэлийн боловсон хүчний хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Иймээс танай сургуульд ОХУ-ын Засгийн газраас манай улсад зориулан гаргаж байгаа тэтгэлгийн хүрээнд оюутан сургах боломжтой юм.  Энэ талаар анхаарах болно. Түүнчлэн манай улсын ижил төрлийн их сургуультай явуулах хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ гэлээ.

Элчин сайд Д.Идэвхтэн сургуулийн түүхийн музейг үзэж сонирхон хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээв.

Москвагийн Н.Э.Бауманы нэрэмжит техникийн их сургууль нь анх 1830 онд байгуулагдсан. Эдүгээ 3500 багш, ажилтан, 20-иод мянган оюутантай, бүрэлдэхүүндээ 7 цогцолбор, 18 факультет, 2 салбар сургууль, судалгаа шинжилгээний 9 институтээс гадна Сургалт-үйлдвэрлэлийн төв, хэвлэх үйлдвэр, Мэргэжил дээшлүүлэх институтийг багтаасан инженер техникийн чиглэлийн зөвхөн ОХУ-д төдийгүй дэлхийд тэргүүлэх хэмжээний сургалт, эрдэм шинжилгээ, туршилт үйлдвэрлэлийн томоохон цогцолбор юм гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж