Дорнодын онцгой комисс хуралдав

Хуучирсан мэдээ: 2012.05.12-нд нийтлэгдсэн

Дорнодын онцгой комисс хуралдав

Монгол Улсын Шадар сайд М.Энхболд өнгөрөгч пүрэв гаригт /2012.05.10/ Чойбалсан хотноо ажиллах үеэр тус аймгийн Онцгой комиссийн өргөтгөсөн хуралдааныг зарлан хуралдууллаа. Хуралдааны эхэнд Дорнод аймгийн ИТХ-ын дарга Н.Хүрэлбаатар гал түймрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хийсэн. Гурван гал сөнөөгчийн амь насыг авч одсон Баяндун сумын нутаг Шивэртийн аман дахь түймэр тавдугаар сарын 3-ны өдрөөс эхэлж гарсан бөгөөд тус аймгийн 355 хүн, 52 машин, 22 мотоцикль дайчлагдан ажилласан байна. Ингээд тавдугаар сарын 9-ны өдрийн 19,30 минутад гурван газарт голомтлон ассан түймрийг цурманд оруулжээ.

Өргөөшөө 45 км, уртаашаа 60 км үргэлжилсэн түймрийн улмаас хамгийн их хохирол амссан газар нь Баяндун сум бөгөөд тус газар нь хөвд ургамал ихтэй, хангайн бүс давамгайлсан газар нутгийн онцлогоосоо хамаарч гуу жалга, ой модны түймрийг унтраахад их хүч дайчилсан гэлээ. Гэвч тавдугаар сарын 10-ны өглөөний 05.00 цагийн үед салхины чиг өөрчлөгдсөны улмаас дахин түймэр дэгдэж, Баяндун сумаас зүүн тийш тэлж Дашбалбар сумын нутаг руу ороод байгаа юм байна. Баяндун сумын хэмжээнд хүнсний нөөцийн хомсдолд ороод байгаа бөгөөд айл өрхүүд хэрэгцээндээ байгаа нөөцөө ашиглаж, хоол хүнс хийн түймрийн голомтод ажиллаж байгаа хүмүүст хүргүүлж байна. Өнгөрсөн өдрүүдийн түймрийн дайчилгааны үеэр тус аймгийн онцгой комиссийн хэрэгцээнд байсан гал унтраах багаж хэрэгслүүд ихэнхи нь эвдэрч муудсан тул дахин хангалт хийхийг ОБЕГ-аас хүслээ.

Аймгийн цагдаагийн газрын даргын хийсэн мэдээллээр тус аймгийн нэгэн уурхайн захирал татсан тамхиа бүрэн унтраалгүй хаяснаас Баяндун сумын нутагт гал гарсан гэж үзэж байгаагаа Шадар сайдад дуулгасан. Уурхайн захирал Б-г сэжигтнээр татаж, байцааж эхэлсэн байна.

Мэдээллийн дараа УОК-ын дарга М.Энхболд онцгой комиссийн гишүүдэд үүрэг даалгавар өглөө. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 11 түймэр гарч байгаа бөгөөд анхаарал татсан голомтын нэг нь Дорнод аймаг болоод байна. Тавдугаар сарын 8-ны өдөр аймгийн удирдлагууд Баяндун сумынхан хүнсний хомсдолд ороод байгаа талаарх мэдээллийг УОК-т өгсөн. Өнөөдрийг хүртэл арга хэмжээ авагдаагүй байгаа нь аймгийн удирдлагын зохион байгуулалт хир зэрэг байгааг харуулж байна гэлээ. Ер нь сүүлийн жилүүдэд гамшгийн шинж чанартай ослын талаарх УОК-т ирүүлсэн мэдээллээр Дорнод аймаг тэргүүлж байгааг тус аймгийн удирдлагууд анхаарч ажиллах нь зүйтэй гэлээ. Тус аймгийн онцгой байдлын албаны авран хаагчид ослын үеийн техник тоног төхөөрөмжөө бүрэн дүүрэн ашиглаж чадаж байгаа эсэх, аврагчдыг сургах тал дээр удирдлагууд хир ажиллаж байгаа эсэхдээ анхаарал хандуулахыг хүслээ.

Үүл буудаж, бороо оруулах нөхцөл боломжийг судалж байгаа бөгөөд ойролцоох нутаг дэвсгэрийн үүл хуримтлалын цикл тавдугаар сарын 11-ны өдөр бүрдэж байгаа юм байна. Гэвч тэнгэр хангайд найдалгүйгээр яаралтай арга хэмжээ авч, сумын иргэдээс гадна тангараг өргөсөн төрийн албан хаагчид буюу цагдаа хүчний байгууллага, цэргийн анги нэгтгэлүүдээс хүн хүч дайчлан түймрийг бүрэн унтраахыг аймгийн Онцгой комиссийн даргад УОК-ын дарга М.Энхболд даалгав.

Гал түймрийг унтраахаар яваад амь насаа алдсан онцгой байдлын албаны гурван албан хаагчийн ар гэрийнхэнтэй уулзаж, тавьсан санал хүсэлтийг бүрэн анхаарч ажиллахыг Оршуулах ажлыг зохион байгуулах комиссийн дарга, ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаярт даалгасан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж