“Загвар өмсөгч Ц.Батбаяр”

Хуучирсан мэдээ: 2012.05.12-нд нийтлэгдсэн

“Загвар өмсөгч Ц.Батбаяр”

УИХ-ын эрхэм гишүүдийн дотроос давтагдашгүй хочтой нэгэн эрхэм бий. Түүнийг “алим” хэмээх хочоор нь нөхөд нь ч, хэвлэлийхэн ч дууддаг болоод удаж буй. Хотын дарга байхдаа ч энэ эрхэм энэ “нэр”-ндээ дуртай байдаг ч юм уу хэвлэлийхэнтэй хэрүүл хийгээд яваад байдаггүй байсан. Хотын мээрийн суудлаас гишүүний суудалд суусан тэрээр одоо УИХ-ын гишүүн гэх нэрээ “солих” хугацаа нь тунчиг ойртсон энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн гэх нэрээ алдах дургүй байсных уу, эсвэл чуулганы танхимд суух боломж дахин олдохгүй гэж бодсоных уу өдөржин зураг даруулан өнжсөн. Уг нь дараагийн сонгуульд нэр дэвших сонгуулийн сурталчилгаа арай л эхлээгүй байгаа гэж бодож байтал түүний хувьд үгүй бололтой. Ц.Батбаяр гишүүн өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд суусан ч тэнд хэлэлцэж байгаа улс орны ирээдүйг шийдвэрлэх хуулийн төслүүдийг анхаарах сөхөөгүй патериа татуулан гүйж харагдсан. УИХ-ын гишүүд саналаа солилцож ид хэлэлцүүлэг хийх үеэр хувийн зурагчиндаа зориулж ёстой л загвар өмсөгчид шиг янз янзаар поз аваад л, нөхөдтэйгээ хамт чухал царай гарган зургаа даруулж гарах нь тэр. Чуулганы хуралдаанаар ямар асуудал хэлэлцэж байгаа, юу ярьж байгаа нь түүнд огтхон ч сонин биш байлаа. Сонгууль ойртох гээд гурван мандатынхаа нэгийг шүүрчих санаатай тэрээр их л олон янзын позтой зураг даруулна лээ. Мэдээж сонгуулийн сурталчилгаа эхлэхээр та түүний олон янзын позтой зургийг сурталчигааны хуудас ч юм уу, эсвэл сонин сэтгүүлээс харах байх. Харин ард түмний үгийг УИХ-д дамжуулах үүрэгтэй түүний хувьд отгон чуулганы сүүлийн өдрүүдэд ангиасаа хагацах гэж патиараа татуулсан уу эсвэл сурталчилгаагаа хийгээд эхэлсэн үү хэлж мэдэхгүй юм. Ямар ч гэсэн Ц.Батбаяр гишүүний хувьд чуулганы хуралдааны нэг өдөр алим нэрээ загвар өмсөгч болгон хувиргасан өдөр байсан юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж