Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой
комиссын дарга М.Энхболд 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Дорнод
аймгийн Чойбалсан хотноо ажиллалаа. Тус аймгийн Баяндун сумын нутаг
Шивэртийн ам гэдэг газарт энэ сарын 3-ны өдөр гарсан ой, хээрийн
түймрийг унтрааж байгаад амь насаа алдсан 3 албан хаагчийн ар гэр Шадар
сайд М.Энхболд, ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр, Дорнод аймгийн Засаг дарга
Ц.Жанлав нар очлоо. Талийгаачдын ар гэрийнхэнтэй биечлэн уулзаж, эмгэнэл
илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий
сайд нарын эмгэнэлийн бичгийг Шадар сайд М.Энхболд ар гэрийнхэнд нь
гардуулан өгсөн байна. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан
онцгой байдлын салбарын албан хаагчдад Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн
тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу Засгийн газрын
нөөц сангаас 5 жилийн цалин, тэтгэмжтэй тэнцэх хэмжээний мөнгө өгснийг
ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн юм.
Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Онцгой байдлын албаны дэслэгч,
38 настай Ч.Намжилдаш албандаа 16 жил зүтгэхдээ аврагч, шүхэрчин, гал
сөнөөгчөөр ажиллажээ. Түүний эхнэр, 3 хүүхэд нь үлдэж байгаа бөгөөд
өндөр настай аав ээж, ах дүүс нь гашуудалт мэдээг дуулангуутаа
Улаанбаатар хотоос Чойбалсан хотноо ирээд байсан юм байна.
Ч.Намжилдашийн ар гэрт Засгийн газрын нөөц сангаас олгосон 79,4 сая
төгрөгийг хүлээлгэн өглөө. Талийгаачийн ар гэрийнхэн хүлээсэн үүргээ
үнэнчээр гүйцэтгэж яваад амь насаа алдсан 3 гал сөнөөгчийн гэгээн
дурсгалыг хүндэтгэсэн хөшөөт цогцолборыг орон нутагтаа барьж өгөхийг
Шадар сайдаас хүслээ.
Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан онцгой байдлын салбарын
албан хаагчдын дурсгалыг мөнхжүүлэх хөшөөт цогцолбор Улаанбаатар хотноо
байгуулсан бөгөөд жил бүрийн тодорхой өдөр салбарынхан нь уг хөшөөнд
хүндэтгэл үзүүлэх уламжлал тогтсоныг ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр
дуулгаад талийгаачдын ар гэрийнхний саналыг хүндэтгэн үзэж байгаагаа
илэрхийлж, асуудлыг судлан шийдвэрлэхээ амлалаа. 28 настай Ж.Одбаяр нь
онцгой байдлын албанд найман жил ажилласан бөгөөд 2004-2005 онд Зэвсэгт
хүчний 122 дугаар ангид аврагч, 2005 оноос Дорнод аймгийн Эрэн хайх
аврах салбарт аврагчаар ажиллаж байжээ. Талийгаачийнх Чойбалсан хотын
орон сууцны 49-р байранд амьдардаг бөгөөд лизингээр байр аваад удаагүй
залуу хосууд байсан. Одоо ар гэрт нь эхнэр Н.Нандинцэцэг нь 5 настай
охин О.Жаргалмаагийн хамт үлдэж байгаа юм байна.
Талийгаач 7 хүүхэдтэй айлын дунд хүү бөгөөд өндөр настай аав ээж, ах
дүүс нь УОК-ын даргад ар гэрийнх нь нөхцөл байдлыг танилцуулж, үлдэж
байгаа эхнэр хүүхдийнх нь амьдрал ахуйг төр, засаг анхаарч үзнэ гэдэгт
итгэж байгаагаа хэлсэн. Талийгаачийн ар гэрийнхэнд Засгийн газраас өгч
байгаа 80 сая 300 мянган төгрөгийг Шадар сайд хүлээлгэн өглөө. Ахлах
ахлагч, 28 настай С.Бат-Эрдэнэ долоон жил онцгой байдлын албанд
ажилласан.Талийгаачийнх Чойбалсан хотын Цэнхэрийн байранд амьдардаг юм
байна. Түүний эхнэр, 2 хүүхдэд нь Засгийн газраас 69,6 сая төгрөгийг өгч
байна. Мөн онцгой байдлын салбарын албан хаагчид амь насны даатгалд
хамрагддаг бөгөөд Миг даатгалын хамт олон дээрх 3 талийгаачийн ар гэр
тус бүрт даатгалын 20 сая төгрөгийг хүлээлгэн өгсөн юм.
УОК-ын дарга М.Энхболд талийгаачдын ар гэрийнхний тавьж байгаа санал,
дэмжлэг туслалцааны асуудлыг бүрэн судлан үзэж, аймгийн хэмжээнд
шийдвэрлэж болохыг нь шийдвэрлэж, Засгийн газарт тавьж байгаа саналыг
уламжлахыг аймаг, орон нутгийн удирдлагуудад даалгалаа. Талийгаачдыг
ирэх даваа гарагт Чойбалсан хотноо нутаглуулах юм байна.