Хилийн дагуух бартаат замаар 104 хоног аялжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Хилийн дагуух бартаат замаар 104 хоног аялжээ

Монголын
автомашин, мотоциклийн спортын холбооны нарийн бичгийн дарга Д.Батзориг
104 хоногийн турш 14600 км бартаат замаар “Би Монгол-2012” автомашины
аялал хийгээд иржээ. Монгол Улсын хилийн дагуу, өмнө нь автомашин явж
байгаагүй газраар “УАЗ-469” автомашинтай нар зөв тойрсон түүнийг УИХ-ын
дэд дарга, Монголын автомашин, мотоциклийн спортын холбооны Ерөнхийлөгч
Г.Батхүү хүлээн авч уулзлаа. Тэрбээр Монголд анх удаа адал явдалт,
бартаат замын ийм том аяллыг амжилттай хийж, монгол хүний хатуужил,
тэвчээрийг харуулж чадсанд баяр хүргээд Биеийн тамир, спортын 90 жилийн
ойн медалиар шагнасныг гардуулав. Мөн “Манай улс эдийн засгийн тэргүүлэх
чиглэлийг аялал жуулчлал гэж тодотгосон. Аялал жуулчлалыг хөгжүүлэх нь
улс орны хөгжил төдийгүй иргэдийн амьжиргаа, орлого нэмэгдэх чухал ач
холбогдолтой. Ийм цаг үед Монгол орны өргөн уудам нутгаар зөвхөн
монголчууд төдийгүй гадаадын жуулчид аялах замыг нээсэн аялал боллоо гэж
дүгнэмээр байна. Цаашдаа дэлхийн ноён оргилуудад моторт хүлгийн мөрийг
гаргаж, Монгол Улсынхаа далбааг мандуулаарай” хэмээсэн. Түүнчлэн Батлан
хамгаалахад туслах нийгэмлэг Хүндэт тэмдгээрээ шагнасан бөгөөд Спортын
мастерын болзол хангасныг дуулгалаа.

“Би Монгол-2012” аяллын баг
Д.Батзориг, NTV телевизийн зураглаач н.Отгочулуу нараас бүрджээ. Тэд
энэ оны нэгдүгээр сарын 15-наас Говь-Алтай аймгийн Бургастайн боомтын
ойролцоох 354 дүгээр сүлдэт баганаас гараагаа эхэлж, хилийн дагуух
бартаат замаар Монголын тал, хээр, хангай, говь хослосон байгалийн
үзэсгэлэнт газар төдийгүй түүх соёлын дурсгалт нутгаар аяласан байна.

Говь-Алтай,
Хөвсгөл, Баян-Өлгий, Увс, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Баянхонгор
гэхчилэн 14 аймаг, 67 сумын нутгаар дайрсан аялагчид гараагаа эхэлсэн
Бургастайн боомтын 354 дүгээр сүлдэт багана дээр 104 хоногийн дараа
ирсэн аж. Аяллыг Монголын автомашин, мотоциклийн спортын холбоо, Хил
хамгаалах ерөнхий газар, Аялал жуулчлалын үндэсний төв, NTV телевиз
хамтран зохион байгуулжээ.

Монголын автомашин, мотоциклийн
спортын холбооны нарийн бичгийн дарга Д.Батзориг “Урт зам туулсан аялал
маань адал явдалтай, үзсэн харсан зүйл ихтэй байсан. Увс нуурын эрэг
дээр хоносон шөнө хамгийн хүйтэн байлаа. Тэр үед хасах 47 хэм хүрч
хүйтэрсэн. Аялаж явахдаа эх орныхоо байгалийн үзэсгэлэн, түүх дурсгалаар
бахархах сэтгэл төрж байлаа. Аялал дуусч бариандаа ирээд сансрын
холбоогоор Монголын автомашин, мотоциклийн спортын холбооны Ерөнхийлөгч
Г.Батхүүд мэдэгдсэн. Харин өнөөдөр албан ёсоор тайлангаа тавьж байна”
хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрбээр өмнө нь “УАЗ-469” автомашинаар
Сутай хайрхан, Шилийн Богд, Цэцээ гүний оргилд гарч байжээ.
 

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж