
Даатгуулагч иргэд, ажил олгогчдод зориулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2011 оны 16 дугаар тогтоолоор баталсан “Шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх” журмыг энэ оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхлээд байна. Харин энэ нь Монгол Улсад Нийгмийн даатгалын алба үүсч, хөгжсөний түүхт 70 жилийн ойг тохиолдуулан энэ жилийг “Даатгуулагч таны төлөө” хэмээн зарласантай холбоотой ажил хэрэг ажээ. Журамд зааснаар Ажилгүйдлийн даатгалын сан, Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд төлөх шимтгэлийн хөнгөлөлт эдлэх шаардлагыг хангасан ажил олгогчид Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, НДЕГ-ын “Талархал” хүргүүлэх гэнэ. Уг “Талархал”-ын бичигт шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх үндэслэл, хөнгөлөлтийн хувь хэмжээний талаарх мэдээллийг тусгажээ. НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт төлөвлөлтийн газар, Мэдээлэл тооцоолох сургалтын төвтэй хамтран уг журмыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хийсэн байна. Энэ ажлын хүрээнд 18247 аж ахуй нэгж, байгууллага зөвхөн энэ онд гэхэд 3.2 тэрбум төгрөгийн шимтгэлийн хөнгөлөлт эдлэх боломжтой болох тухай НДЕГ-ынхан онцолж байна.
У.БОЛОР