“Би Монгол-2012” аяллын баг Д.Батзориг, NTV телевизийн зураглаач н.Отгочулуу нараас бүрджээ. Тэд энэ оны нэгдүгээр сарын 15-наас Говь-Алтай аймгийн Бургастайн боомтын ойролцоох 354 дүгээр сүлдэт баганаас гараагаа эхэлж, хилийн дагуух бартаат замаар Монголын тал, хээр, хангай, говь хослосон байгалийн үзэсгэлэнт газар төдийгүй түүх соёлын дурсгалт нутгаар аяласан байна.
Говь-Алтай, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Баянхонгор гэхчилэн 14 аймаг, 67 сумын нутгаар дайрсан аялагчид гараагаа эхэлсэн Бургастайн боомтын 354 дүгээр сүлдэт багана дээр 104 хоногийн дараа ирсэн аж. Аяллыг Монголын автомашин, мотоциклийн спортын холбоо, Хил хамгаалах ерөнхий газар, Аялал жуулчлалын үндэсний төв, NTV телевиз хамтран зохион байгуулжээ.
Монголын автомашин, мотоциклийн спортын холбооны нарийн бичгийн дарга Д.Батзориг “Урт зам туулсан аялал маань адал явдалтай, үзсэн харсан зүйл ихтэй байсан. Увс нуурын эрэг дээр хоносон шөнө хамгийн хүйтэн байлаа. Тэр үед хасах 47 хэм хүрч хүйтэрсэн. Аялаж явахдаа эх орныхоо байгалийн үзэсгэлэн, түүх дурсгалаар бахархах сэтгэл төрж байлаа. Аялал дуусч бариандаа ирээд сансрын холбоогоор Монголын автомашин, мотоциклийн спортын холбооны Ерөнхийлөгч Г.Батхүүд мэдэгдсэн. Харин өнөөдөр албан ёсоор тайлангаа тавьж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрбээр өмнө нь “УАЗ-469” автомашинаар Сутай хайрхан, Шилийн Богд, Цэцээ гүний оргилд гарч байжээ.