Чуулганы хуралдаан үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан үргэлжилж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Түүгээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн билэлтийн тухай хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр гишүүн Х.Жекей “Нэг сая төгрөгийг яг хэзээнээс эхэлж иргэдэд олгох гээд байгаад тодорхой хариулт өгөхийг хүсэв. УИХ-ын сонгууль болох хугацаа ойртоод байдаг, гэтэл сая төгрөг өгнө гэж амласан ч яг хэзээ гэдэг нь тодорхойгүй байна” гэсэн юм. Сангийн сайд Д.Хаянхярваа “Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг өгөхөөр болж улсын төсөвт 334 тэрбум төгрөг тусгасан. Энэ мөнгийг “Эрдэнэт” үйлдвэрийн төсөвт төвлөрүүлэх хөрөнгө болон “Эрдэнэс тавантолгой” компанийн урьдчилгаа хэлбэрийн мөнгөнөөс гаргахаар тооцсон. Өнгөрсөн дөрөвдүгээр сард багтаан эдгээр газрууд 334 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ гэж байсан ч чадаагүй. Гэхдээ тавдугаар сарын 20-н гэхэд ямар ч байсан төвлөрүүлнэ гэж амласан. Харин бусад иргэд хувь хишгээ ямар хэлбэрээр авах вэ гэдгийг яг одоо өөрсдөөс нь судалгаа авч байна. Тодруулах юм бол хэд нь хувьцаагаа авах, хэд нь нэг сая төгрөгөө орон сууцны урьдчилгаанд өгөх, хэд нь эрүүл мэндийн үйлчилгээ авахад зарцуулах, хэд нь тэтгэврээ тогтоолгоход 1 сая төгрөгийг шимтгэл болгон өгөх вэ гэдэг нь энэхүү судалгаагаар тодорхой болно. Түүний дараа тодорхой тоо гарахад нэг сая төгрөгөө авна гэсэн иргэдэд мөнгийг нь бэлнээр олгох үйл ажиллагааг эхлүүлнэ. Мөн ирэх зургадугаар сарын 1-н гэхэд дотоодын аж ахуйн нэгжид хувьцааг борлуулах ажлыг эхэлнэ. Ер нь энэ ажил 2012 оны турш үргэлжилнэ” гэсэн хариулт өглөө.

Түүнчлэн энэ үеэр УИХ-аас өнгөрсөн жил баталсан 300 тэрбум төгрөгийн бондтой холбоотой асуудлыг УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг хөндсөн юм. Энэхүү 300 тэрбум төгрөгийг ноос, ноолуурын үйлдвэрийг дэмжих хийгээд малчдад ноосны урамшуулал олгох, жижиг дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих зэрэгт зарцуулахаар зааж өгсөн юм. Харин үр дүн нь ямар байгааг сонирхлоо. Энэ жилийн хувьд ноолуурын үнэ унасаар байгаа аж. Гэвч үндэсний үйлдвэрүүд өнөөг хүртэл ноолуурыг худалдаж авахгүй байгаа. Энэ нь дээрх тооны тэрбум төгрөг хаачив гэх хардлага төрүүлж буй. Тиймээс тодорхой хариулт өгөх шаардлагатай байна гэсэн юм.

Салбарын яамных нь албан тушаалтны хариултаас үзвэл үндэсний үйлдвэрүүд нь энэ жил 3000 тонн ноолуурыг малчдаас худалдаж авахаар Ноос ноолуурын холбооноос өгсөн хуваарийн дагуу ажилдаа орсон. Мөн ажлын байр бий болгох чиглэлээр өнгөрсөн онд энэхүү бондын хөрөнгөөр Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зээл нэлээд олгосон. Үүний хүчинд өнгөрсөн онд хөдөө аж ахуйн салбарт хамгийн их ажлын байр бий болсон гэж хариулсан юм. 

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд мөн эрүүл мэнд, боловсролын салбартай холбогдох олон асуудал хөндөгдсөн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийг Кембрижийн стандартад бүрэн нийцүүлнэ гэж байгаа боловч сурлага сайтай, сургалт сайтай сургуулийг шилж сонгон, энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа нь дэндүү өргөөсгөл. Зөвхөн шилмэл хүүхдүүдийг сургадаг хөтөлбөр болж хувираад байна гэж шүүмжилсэн юм. Үүнтэй салбарын сайд нь санал нэгдэхгүй гэдгээ мэдэгдээд гишүүнийг Кембрижийн хөтөлбөрийн талаар маш буруу ойлголттой явж байна гэж буруутгав. Эрүүл мэндийн салбарын тухайд холбогдох яамнаас гаргасан мэдээлэл тун хангалтгүй байгааг УИХ-ын гишүүн С.Ламбаа шүүмжиллээ. Тухайлбал, тарган хүн тэд, чихрийн шижин өвчинтэй хүн тэд, бэлгийн замын халдварт өвчинтэй иргэний тоо тэд гэсэн мэдээлэл гаргалаа. Энэ бол дэндсэн мэдээлэл гэж байв. Ийнхүү чуулганаар гишүүд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн билэлттэй холбогдуулан асуулт асууж саналаа хэлж дууссаны дараа хуралдааныг даргалж буй УИХ-ын дэд дарга Г.Батхүү “Засгийн газрын хувьд дээрх үндсэн чиглэлийн биелэлтийг хангах талд шаргуу ажиллах шаардлага байгааг онцоллоо. Үлдэж буй хугацаа маш богино байгаа, гэсэн ч гишүүдийн хэлсэн санал шүүмжлэлийг хүлээн авч хэрэгжүүлэх талд шуурхайлж ажиллахгүй бол төлөвлөсөн ажлууд заасан хугацаандаа амжихгүй байгааг анхааруулсан юм. 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Байгаль орчныг хамгаалах тухай багц хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж