Тэд МАН-ын дарга С.Батболд болон гишүүдэд хандан МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Баяр, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нарыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг шаардлаа. Ийнхүү шаардах болсон учраа “2008 оны УИХ-ын сонгуулийн дүнг эсэргүүцэн үзэл бодлоо илэрхийлж байсан таван залууг буудан, 800 гаруй залууг хорьж, 275 залууд эрүүгийн хэргийг хүчээр тулган хүлээлгэж, зургаан сараас долоон жил хүртэл ял оноосон аймшигт үйл явдал тохиолдсон. Тэр үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, тухайн үед Хууль зүй дотоод хэргийн сайд байсан Ц.Мөнх-Оргил нар нь шүүх хурлыг сунжруулж, үнэн зөвийг олоход саад учруулсан хүмүүс. Тиймээс тэднийг сонгуульд нэр дэвшихийг эсэргүүцэж байна” хэмээн тайлбарлав.
Шаардлагын хариуг тавдугаар сарын 15-ны дотор биечлэн, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр өгөхийг мөн анхаарууллаа. Түүнчлэн энэ хэргийн хохирогч болж, хоригдож байсан залуус гадаадад сурахаар явах гэвэл урд нь шоронд орж, ял эдэлж байсан гэсэн шалтгаанаар виз олгохгүй байгаа гэнэ. Тиймээс одоогийн УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд амжиж Цагаатгалын тухай хуулийг гарган батлахыг мөн шаардлаа.