Иракийн хүүхдүүд туршилтын оготно болж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Иракийн хүүхдүүд туршилтын оготно болж байна

«IPS» мэдээллийн агентлагийн нийтлэлийг орчуулан хүргэж байна.Иракийн Фаллужи хотын эмнэлэг төрөлхийн согогтой хүүхдүүдийн талаарх ста­тистик мэдээллээ гаргаж чадахгүйд хүрэв. Учир нь сүүлийн жилүүдэд энд тархигүй, нүдгүй, эсвэл гэдэс нь ил гарсан хүүхэд төрөх нь бараг хэвийн үзэгдэл болжээ. Эцэг, эхчүүд согогтой хүүхэд төрүүлснээ аль болох нуухыг хичээдэг. Эмнэлгийн ажилтан Надим Аль-Хадиди «Тэд согогтой хүүхдээ ичгэвтэр зүйл гэж үзээд хэнд ч хэлдэггүй. Нэгдүгээр сард 672 тохиолдол бүртгэгдсэн ч энэ нь бүрэн тоо биш» хэмээн ярьжээ. Тэрбээр цааш нь 2004 онд америкчууд цагаан фосфор, ядуу уран зэрэг химийн бүхий л төрлийн бодис, тэсрэх төхөөрөмжийг бидэн дээр туршсан. Бид тэдний хувьд туршилтын оготно байсан юм» хэмээн мэдэгдлээ.

Америкийн цэргүүд 2003 онд Ирак руу халдан орсны дараахнаас Евфрат хотын эрэг дээр байрлах Фаллужи хотын иргэд зовлонд нэрвэгдэх болсон. 2003 оны гуравдугаар сарын 31-нд Америкийн «Blackwater» армийн хөлсний дөрвөн ажилчныг мөчилж, цогцсыг нь гүүрээс унжуулсан зураг дэлхий даяар цацагдлаа. Эл харгислалыг «Аль- Кайда» үйлдсэнээ мэдэгдсэн ч хариуцлагыг нь нутгийн иргэд үүрсэн юм. Пентагон «Энэ бол Хуегийн үеэс (1968 онд Вьетнамд болсон) хойш гарсан хамгийн том халдлага» хэмээжээ.

Америкчууд «Аль-Кайда»-гаас болж, тус хотын иргэдийг залхаан шийтгэсэн бөгөөд 11 дүгээр сард хамгийн харгис үйл ажиллагааг явуулсан юм. Америкчууд хотыг шөнийн цагаар гэрэлтүүлэхийн тулд цагаан фосфор ашигладаг байв. Италийн хэсэг сэтгүүлч «Цагаан фосфор хэмээх хориотой бодисыг Америкийн цэргүүд энгийн номхон иргэдийн эсрэг хэрэглэж байна» хэмээн дэлхий дахинд мэдэгдсэний дараа үүнийгээ зогсоосон юм. Гэвч америкчуудын энэ үйл ажиллагаанаас болж, олон эх үр зулбажээ.

Фаллужийн эмнэлгийн эмч Абдулкадир Алрави «Энэ охин Денди Уокерийн синдромтой. Өөрөөр хэлбэл тархины хөгжлийн дутагдалтай. Түүний тархи хоёр хэсэгт хуваагдсан, түүнийг амьд үлдэнэ гэдэгт эргэлзэж байна» гэж ярилаа. Түүнийг ийн ярьж байх зуур эмнэлгийн цахилгаан тасрав. А.Алрави «Манай дэд бүтэц шаардлага хангахгүй байна. Тиймээс ийм хүнд нөхцөлд хэрхэн ажиллах билээ» хэмээн уулга алдсан юм.

Швейцарийн олон улсын сэтгүүлд 2010 оны зургаадугаар сард нийтлэгдсэн Хүрээлэн буй орчин, хүн амын эрүүл мэндийн судалгаагаар «Фаллужи хотын иргэдийн хорт хавдар, цусны цагаан эсийн өмөнгийн өвчлөл, бага насны хүүхдийн нас баралт, мөн хүйсийн харьцаа алдагдсан нь 1945 онд Хирошима, Нагасакид атомын бөмбөг хаясны дараах үеэс ч их байна» гэж тэмдэглэжээ. Судлаачид Фаллужи хотод цусны цагаан эсийн өмөнгийн 38 тохиолдлыг бүртгэсэн. Гэтэл Японы дээрх хотуудад 17 тохиолдол бүртгэгджээ.

Фаллужийн эмнэлгийн ерөнхий эмч Самира Алаани Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгааны багтай хамтран ажилласан аж. Тэд өвчтөний үснээс дээж авч Лондоны лабораторид шинжлүүлэхэд уран, мөнгөн ус зэрэг хортой бодис их хэмжээгээр илэрсэн. Энэ нь хориотой зэвсэг хэрэглэснээс болж, Эль-Фаллужид төрөл­хийн эмгэгтэй хүүхэд нэмэгдэж буйг баталж байна.

Америкчууд Ирак цэрэг, дайны ажиллагаа явуулахдаа ядуу уран хэмээх цацраг идэвхт элементийг маш их ашиглажээ. Цэргийн инженерүүд «Ядуу уран нь сумны нэвтлэх чадварыг эрс сайжруулдаг» гэж ярьж байна. Ядуу уран нь 4.5 тэрбум жилийн өмнө бий бол­сон бөгөөд «Хор хөнөөл нь хэзээ ч арилдаггүй, чимээгүй алуурчин» ажээ. Олон улсын зарим байгууллага Ливийн дайнд ядуу уран хэрэглэсэн эсэхийг тодруулахаар НАТО- д хандсан юм.

Фаллужигаас гадна Басра муж ч ийм гамшигт нэрвэгджээ. Иран, Кувейтийн хилийн дундах энэ муж нефтийн асар их нөөцтэй. Үүнээс болж эндхийн хүн ам дайн, тулааны хөлд нэрвэгддэг. 1980-аад онд Ирантай хийсэн дайн, 1991 онд Персийн булангийн дайн, 2003 онд АНУ-ын халдлагад өртсөн гэх мэт.

Багдадын их сургуулийн судалгаагаар Басра мужид төрөлхийн согогтой хүүхдийн тоог АНУ-ын цэргүүд халдахаас хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 10 дахин нэмэгдсэн байв. Энэ тоо цаашид ч өсөх төлөвтэй. Басра мужид 2010 онд АНУ-ын тэргүүн хатагтай асан Лора Бушийн санаачилгаар хүүхдийн хавдрын эмнэлэг байгуулагдсан. Харамсалтай нь энэ эмнэлэг Фаллужи хотын эмнэлэгтэй адил орчин үеийн тоног төхөөрөмжгүй аж.

Фаллужи муж, Басра хотын ихэнх гэр бүл төрөл­хийн согогтой хүүхдээсээ болж, эдийн засгийн хямралд орж байна. Бололцоотой айлууд хүүхдээ Сирид 7000 доллар, Иорданд 12000 доллараар эмчлүүлдэг. Харин хамгийн хямд эмчилгээ Иранд байдаг. Эндхийн эмчилгээ 5000 доллар тул эцэг эхчүүд Тегеран руу цувдаг болжээ. Тэдний ихэнх нь мөнгөгүй тул гудамжинд хоноглож байна.

М.Цогзолмаа
Эх сурвалж: “Өглөөний сонин”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж