БСШУЯ, БТСГ, МОХ, МОСХ-д хамтран 2012 оны оюутны аварга шалгаруулах есөн төрлийн тэмцээнийг хоёрдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 11-ний хооронд зохион байгуулж байгаа юм. Дээр дурдсан есөн төрөлд волейбол, гандбол, жүдо, шатар, заалны хөлбөмбөг, ширээний теннис, модон бөмбөг, явган аялал, сагсан бөмбөгийн гэсэн спорт төрөл багтсан бөгөөд хөтөлбөрийн дагуу хамгийн сүүлийнх нь болох сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр дүнгээ гаргах гэж байна.
Сагсан бөмбөгийн тэмцээнд МУИС, “Отгонтэнгэр”, ДХИС, ХААИС, ХҮДС, ШУТИС, ХУИС, ҮБТДС, УБДС, УБИС, “Мон-Алтиус” БТДС, МУБИС-ийн эрэгтэй 13, эмэгтэй ес, нийт 22 багийн тамирчид 300 орчим тамирчин өрсөлдөж, өнөөдөр шилдгүүд тодрох юм. Тэмцээнээс шалгарсан баг, шилдэг тамирчдаас сонгон ирэх аравдугаар сард Тайваньд болох Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн IV тэмцээнд оролцуулах ажээ. Өмнө нь Монголын сагсан бөмбөгчид 2010 онд тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан билээ.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО