Франц удирдаач Роберт Рессико “Болеро”-г харанхуйд дохив

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Франц удирдаач Роберт Рессико “Болеро”-г харанхуйд дохив

Манай орон Франц улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн тэмдэглэлт ойн хүрээнд болсон “Монгол-Францын соёлын өдрүүд” гурав хоногийн турш амжилттай үргэлжилж байна.  

Өчигдөр үдэш Дуурь бүжгийн эрдмийн театрын концертын их танхимд Франц улсаас манай оронд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Jean-Paul Dumont хүндэтгэлийн үг хэлснээр уг баярын нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр эхэлсэн. Ноён элчин сайд хэлсэн үгэндээ 1965 оны дөрөвдүгээр сарын 27-нд албан ёсоор эхэлсэн манай хоёр орны дипломат харилцаа өдгөө 45 жилийн ойтойгоо тохиож байгаа ч угтаа бол Монгол, Франц хоёр улсын харилцаа тэртээ Мөнх хаан, VII Людвиг хааны үеэс эхлэлтэйг онцолж байлаа.  
Ингээд баярын ажиллагаанд зориулсан симфони найрал хөгжмийн тоглолт Монгол, Франц хоёр орны төрийн сүлд дууллаар эхэлсэн юм. Хоёр орны төрийн дуулал эгшиглэхэд цугласан олон бүгд босч зогсон ёслож байв. Энэ онцгой үдэш ДБЭТ-ын симфони найрал хөгжимчдийг тус театрын ерөнхий удирдаач Монгол Улсын Ур­лагийн Гавьяат Зүтгэлтэн Н.Туулайхүү, мөн МУУГЗ, удирдаач Ж.Бүрэнбэх нар дохисны сацуу бас нэгэн хүндтэй зочин удирдаач ирсэн нь Францын нэр хүндтэй удирдаач ноён Роберт Рессико байлаа. Франц улсын төрийн дууллыг удирдаач Роберт Рессико, харин Монгол улсын төрийн дууллыг удирдаач Ж.Бүрэнбэх нарын удирдлаган дор симфони найрал хөгжимчид тоглосон.

Үүний дараа Монголын симфони хөгжмийн оргил бүтээл гэгддэг нэгэн гайхалтай симфонийг удирдаач Н.Туулайхүү дохиж үзэгчдийн сэтгэл хөдлөлийг өндөрт аваачив. Энэ бол яахын аргагүй нэрт хөгжмийн зохиолч З.Хангалын алдарт “Салхит шувуун дуу”. XVII зууны үеийн сод хөгжимчдийн нэг, итали гаралтай франц хөгжмийн зохиолч Jean-Baptiste Lully-гийн Уран сэтгэмжит хөгжмийг удирдаач Роберт Рессика дохиж үзэгчдэд хүргэв. Энэ сонгодог үдэш франц үндэсний хөгжмийн зэмсэг болох нэгэн үлээвэр хөгжмийг симфони оркестртой хослуулан тоглосон нь бас нэгэн сонирхолтой үзэгдэл байлаа.
Импрессионист хөгжмийн том төлөөлөгч, Францын нэрт хөгжмийн зохиолч Maurice Ravel-ын “Bolero” симфонийг найрал хөгжимчид удирдаач Роберт Рессикогийн удирдлаган дор дөнгөж тоглож эхлэхэд театрын их танхимын тог тасарсан хөгтэй ч гэмээр явдал болдог юм байна. Урьд нь театрт ийм зүйл тохиолдохыг огт харж байсангүй. Гэрэл унтарсан ч хөгжимчид үргэлжлүүлэн тоглохыг завдаж байлаа… Ашгүй, хэдхэн секундын дараа гэрэл асч тоглолт үргэлжлэв. Нэг сонсоод л сэтгэлд үлдэм яруу тансаг симфони юм. Зөөлөн хэрнээ бадрангуй, удаан хэмнэлтэй хэрнээ хүчтэй… Удалгүй гэрэл дахиад унтарчихсан. Энэ удаад түрүүнийхээс хамаагүй удаан, бараг тав, зургаан минут болсон байх аа. Найрал хөгжимчид зогссонгүй. Бүр огтхон ч зогссонгүй, “Bolero” үргэлжилсээр л байлаа. Харанхуйд алга ташилт нижигнэж байсан. Тог унтарсанд уурлах, дургүйцэх сэтгэл надад л лав төрсөнгүй. Зүгээр л харанхуйд ноотоо харалгүй симфони тоглож байгаа найрал хөгжимд л алгаа хорстол ташмаар санагдаж байв. Танхимын гэрэл дөнгөж асахтай зэрэгцээд симфони дууссан. Ноён Рессико сэтгэл нь ихэд хөдөлсөн байртай оркестрынхондоо алга ташиж байв.
Энэ сонгодог үдшийн хамгийн онцлог хэсэг энэ байсан гэхэд болно. Хгөжимчдөөрөө бахархмаар. Бас онгирмоор. Одоо ч гэсэн суут “Bolero”-гийн зөөлөн хэмнэлтэй хүчирхэг аялгуу сэтгэлд тод байна.
Мөн Францын хөгжмийн зохиолч Camille Saint-Saens-ын алдарт Rondo Capriccioso симфони эгшиглэлээ. Энэ алдарт симфонийг хийлийн гоцлолд зориулан бичсэн гэдэг. Роберт Рессико дохиж, ДБЭТ-ын гоцлол хийлч н.Мөнхболд тоглосон. Ноён удирдаачид гоцлол хийлчний тоглолт ихэд таалагдсан нь илт байв. Тэрбээр хийлч Мөнхболдыг халуун дотноор тэврэн талархсанаа илэрхийлж байлаа.
Удирдаач Ж.Бүрэнбэх нэрт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Өргөөний баяр наадам” гэх яруу тансаг симфонийг дохисон нь үзэгчдээс халуун алга ташилтыг авч чадсан. Миний эргэн тойронд сууж байсан франц голдуу гадны үзэгчид манай монгол симфони хөгжмийн гайхамшигтайг ам, амандаа дуу алдан бахдацгааж байсныг хэлэхгүй байж чадахгүй нь.
Нэрт хөгжмийн зохиолч Ж.Чулуун агсны алдарт “Уран хас” симфонийг гурван удирдаач хамтдаа дохиж, хоёр орны эв найрамдалт харилцааг үүгээрээ бэлгэдэн харуулснаар тоглолт дууссан.

Францын VII Людвиг хаан Хар Хорин руу буухиа элч Рубрикийг довтолгон Мөнх хаанд захидал илгээн гадаад харилцаа тогтоох эхлэлээ тавьж байсан түүхтэй манай хоёр орны дипломат харилцаа үүссэний 45 жилийн ойг тохиолдуулсан энэ удаагийн соёлын өдрүүд Францын суут хөгжмийн зохиолч Ж.Бизегийн “Кармен” дууриар өнөө орой өндөрлөнө.

Ж.Индра

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж