сонгуулийн тухай шинэ хуулиар УИХ-ын долдугаар тойрог буюу Дархан-Уул
аймаг хоёр мандаттай болсон. 2008 оны сонгууль хүртэл тус аймаг УИХ-д
гурван мандаттай байсныг сонгуулийн шинэ хууль батлагдсаны дараа хоёр
болгон цөөлсөн билээ. Өөрөөр хэлбэл, Дарханы тойргийн нэг мандат
пропорциональ 28 руу шилжсэн гэсэн үг. Тухайн тойрогт ялалт байгуулсан
нэг намын гурван гишүүн мандат нь хураагдсан тохиолдолд “Тойргоо аваад
ирж байгаа юм чинь намын жагсаалтад би орно оо” л гэдэг юм билээ.
Тухайлбал, Архангайд Ардчилсан намын гурван гишүүн 2008 оны сонгуульд
ялалт байгуулж, УИХ-д дөрвөн жил суусан авч одоо тус тойрог хоёр
мандаттай болж байгаа. Тэгэхээр Н.Батбаяр, Р.Гончигдорж, С.Ламбаа нарын
хоёр нь тойрогтоо нэр дэвшиж үлдсэн нэгийг нь намын жагсаалт руу хийхээс
өөр аргагүй болж байгаа юм. Сонгуульд ялалт байгуулаад, намдаа суудал
аваад ирсэн хүнийг дахин нэр дэвшүүлэхгүй гэх эрх намын удирдлагад нь
байхгүй гэсэн үг.
Харин Дархан-Уулын хувьд бол арай өөр. УИХ-ын
гурван гишүүний хоёр нь МАН-ынх, нэг нь Ардчилсан намынх. Ямар ч байсан
Архангайн тойрог дээрх шиг лист рүү гүйлгэх асуудал гарахгүй л болов уу,
ялагдсан нэр дэвшигчдийн тухайд. Өөрөөр хэлбэл, аль аль намын хувьд энэ
удаагийн нэр дэвшүүлэлт өмнөх сонгуулиудын үр дүнгээс шууд хамаарна
гэсэн үг. Тиймээс яг энэ тойрог дээр сонгуулийн хуанлийг жаахан
ухраагаад харья л даа.
2004 оны УИХ-ын сонгуулиар Дархан-Уул
аймагт гурван нам, нэг эвслээс 10 нэр дэвшигч өрсөлдөж байжээ. Тухайн
үед Дархан-Уул аймаг УИХ-д гурван тойрогтой байсан бөгөөд МАХН-аас
Б.Баттулга /СЕХ-ны даргын албыг хашиж байгаад сонгууль будилуулсан
хэргээр буруутгагдаж, нам нь түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн боловсон хүчин
эрхэлсэн захирлаар дэвшүүлэн зайлуулсан/, Д.Цэвээнжав /одоо ГЕГ-ын
даргаар ажиллаж байгаа, УИХ-ын гишүүн асан/, Т.Батбаяр, Ардчилсан нам,
Эх орон нам, ИЗН-ын “Эх орон-Ардчилал” эвслээс Л.Гансүх, М.Сономпил,
Д.Цэрэнбалжир нар нэр дэвшиж байв. Мөн МҮЭНН /Үндэсний эв нэгдлийн
нам/-аас Б.Эрдэнэчимэг, Я.Батсүрэн, Б.Батболд, БНН-аас Д.Батаа нар нэр
дэвшин өрсөлдсөнөөс “Эх орон-Ардчилал” эвслийн гурав буюу Л.Гансүх,
М.Сономпил, Д.Цэрэнбалжир нар УИХ-д сонгогдож байлаа. Гэвч энэ
сонгуулиар Ардчилсан нам 36, МАХН 38 суудал авч, аль аль нь УИХ-д олонхи
болж чадаагүй тул Эвслийн Засгийн газар байгуулахад хүрсэн юм. Хожим нь
М.Сономпил нь тухайн үед Ардчилсан намын даргаас огцроод байсан
М.Энхсайхантай хамт ҮШН-ыг байгуулан тусдаа гарсан билээ. Эх орон намын
дарга Б.Эрдэнэбат ч “Эх орон-Ардчилал” эвслээс гарч байгаагаа зарласнаар
Ц.Элбэгдоржийн буюу эвслийн анхны Засгийн газар унаж, харин эвслийг
тараасан нөхдүүд өөрсдөө МАХН-тай хамтран Засгийн газар байгуулсан юм.
Үүний үр дүн 2008 оны сонгуулиар гарч, Ардчилсан нам Дархан-Уул аймгаас
ганцхан суудал авсан.
2008 оны сонгуулийн хуульд өөрчлөлт орж,
Дархан-Уул аймаг гурван мандаттай нэг том тойрог болж оролцсон бөгөөд
энэ удаа тус тойрогт зургаан нам, нэг эвсэл, бие даагчид нийлсэн 17 нэр
дэвшигч өрсөлдөж байв. Ардчилсан намаас Л.Гансүх /УИХ-ын гишүүн, УИХ
дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан/, Д.Энхтуяа, МоАХ-ны тэргүүн
Ш.Түвдэндорж нар, МАХН-аас Б.Баттөмөр, Ж.Сүхбаатар /СЕХ-ны нарийн
бичгийн дарга асан/, аймгийн Засаг дарга Д.Хаянхярваа нар өрсөлдөж,
Л.Гансүх хамгийн өндөр буюу 50,2 хувь, Д.Хаянхярваа 44,0, Ж.Сүхбаатар
37,8 хувийн санал аван УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. МАХН-ын
Б.Баттөмөр 32,1 хувийн саналаар таслагдаж, түүний араас бие даагч
Б.Батмөнх 25,1, ҮШН-ын М.Сономпил 20,29, Иргэний эвслээс нэр дэвшсэн
М.Ичинноров 18,0 хувийн саналаар жагсч, харин УИХ-ын гишүүн
Д.Цэрэнбалжир сонгогчдын 10 хүрэхгүй хувийн санал авсан байдаг.
М.Сономпил
Дарханы уугуул бизнесмэнүүдийн нэг, Б.Цэрэнбалжир Дархан дахь “Эрэл”
компанийн цемент шохойн үйлдвэрийн захирал байсан гэхчилэн орон нутгийн
хүчин зүйл нөлөөлж болохоор байсан ч дарханчууд тэднийг сонгоогүй л юм
даа. Бодоход дарханчууд “урвагчид”-аас арай илүү ардчилалд элэгтэй гэдэг
нь харагдана. Хэрвээ Эвслийн Засгийн газарт ийм зүйл тохиолдоогүй, “Эх
орон-Ардчилал” эвсэл салж бутраагүй байсан бол сонгуулийн дүн огт өөр
гарах байсан биз. Гэхдээ л өмнөх сонгуулиар “Эх орон-Ардчилал” эвслийн
авсан 36 суудлын 18 нь Ардчилсан намынх байсан бол энэ сонгуулиар 27
болж нэмэгдсэн байдаг.
Удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болно.
Одоо харагдаж байгаачлан эрх баригч МАН УИХ-ын хоёр гишүүнээ
/Ж.Сүхбаатар, Д.Хаянхярваа нарыг/ дахин сойх нь тодорхой болсон. Хааяа
нэг намынхаа дарга нарт хатуухан үг хэлчихдэг, тэдний гаргаж тавьсан
төсөв, халамжийн бодлогыг үе үе хүчтэйхэн “дэлсчихдэг” байсан
Д.Хаянхярваа гишүүн Сангийн сайд болсноосоо хойш дуу нь намсаад, чих нь
зөөлрөөд байгаа. Түүнийг Сангийн сайдаар томилогдоход хэвлэлийнхний
зүгээс “Ардын намынхан ирэх сонгуулиар тойроггүй хоцрох гишүүдийнхээ
“сархинагыг норгох” гэж л сайдын суудалд түр суулгалаа даа” хэмээн
таавардаж байсан ч энэ худлаа болсныг саяхан МАН-ын Бага хурлын дараа
урьдчилсан байдлаар нийтэд зарлагдсан нэр дэвшигчдийн жагсаалт гэрчилнэ.
Уг жагсаалтад Дархан-Уул аймагт хоёрхон хүний нэр хадагдсан нь
Д.Хаянхярваа, Ж.Сүхбаатар нар. Тэгэхээр одоо нэр дэвшүүлэлт дээр гол
өрсөлдөөн Ардчилсан нам дотор явагдана гэсэн үг. УИХ-ын гишүүн, Байгаль
орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүхийн хувьд тойргоо авах нь
нэгэнт тодорхой болсон. Түүнтэй хамт нэг баг болж намаасаа гарах хүн
харин хэн бэ? УИХ-ын гишүүн асан Д.Мөнхтуяагийн нэр нэлээд эртнээс
яригдаж байгаа ч “Монгол алт” компанийн захирал Ж.Мөнхтөрийн рейтинг энэ
тойрогт арай илүү өндөр яваа. Тэгээд ч 2004 оны сонгуулиар Ардчилсан
намын дарга М.Энхсайхан түүний тойргийг Эх орон намын Б.Цэрэнбалжирт өгч
нэг удаа алдсан. Тэр хүний улс төрийн карьер 2008 онны сонгуулиар
намтайгаа хамт дууссан билээ. 2008 оны сонгуулиар Ж.Мөнхтөрийг намынх нь
удирдлагууд бас л “жийж”, Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлсэн ч тэр нь
намдаа суудал авчирч чадаагүй. Тэгэхээр Ж.Мөнхтөрийн хувьд энэ удаагийн
сонгуульд нэлээд нэхэл хатуу орох байх гэсэн таамгийг ажиглагчид хийж
байна. Хэрвээ нам нь түүнийг Дархан-Уулаас нэр дэвшүүлбэл гишүүн асан
Б.Мөнхтуяаг эмэгтэйчүүдийн квотоор 28-ын жагсаалтад оруулахаас өөр
аргагүй болно.
Харин сонгуулийн эцсийн дүнг урьдчилан таахад
хэцүү. Гол өрсөлдөөн Ардчилсан нам болоод эрх баригч МАН-ын хооронд
явагдах биз. М.Ичинноровын хувьд өмнөх сонгуулиар Иргэний эвслээс нэр
дэвшихдээ эрчүүдээс дутахгүй өрсөлдөж, 18 хувийн санал авсан ч гэлээ
өнгөрсөн хугацаанд мань хүн МАН-ын батлахыг нэг удаа өвөрлөж үзээд эцэст
нь МАХН руу урвасныг дарханчууд тийм ч таатай хүлээж авахгүй л болов
уу. Ялангуяа МАН-аас гарахдаа М.Ичинноровын хийсэн мэдэгдэл, гаргасан
авирыг улс төрд орох ирээдүйтэй олон эмэгтэйчүүдийн имижийг унагасан
гэгдээд байгаа. Эрчүүдийн зүгээс ч “Ийм болохоор чинь та нарыг улс төрд
оруулдаггүй юм шүү дээ” гэх болсон байна лээ.
М.Сономпилийн хувьд ч
ялгаагүй. ҮШН гэдэг нэрээ сольж, экс МҮАН-ын нэрийг “дэлсээд” амжсан ч
гэлээ М.Энхсайханы сүүлийн найман жил Монголын улс төрд бий болгосон
зүйл, байгуулсан гавъяа намыг лав Дарханы тойрог дээр өргөж өгөхгүй л
болов уу. Ганц найдвар нь МАХН-тай эвсэж байгаа явдал. Гэхдээ энэ
тойрогт МАХН, МҮАН-ын эвсэл зарим нэг аймгуудтай харьцуулахад дэмжлэг
бага. Арай нэг хотожсон, зах зээл нь том, хүн ам ихтэй, мэдээлэлд илүү
ойр гэдэг утгаараа Дарханчууд алслагдсан зарим аймгуудтай адил савлаад
байхгүй. Ардчилсан нам болоод Ардын намын хооронд л гол тулаан явна. Энэ
ч утгаараа дарханчууд ирэх сонгуулийн ерөнхий өнгийг тодорхойлох нэг
гол тойрог болж байна. Бусад жижиг намууд хийгээд бие даагчдын хувьд
аль, аль намаас нь санал хуваах төдий л үүрэгтэй оролцох болов уу.
Гэхдээ өмнөх сонгуулиудад тэдний авсан санал ч гэсэн хоёр том намын
авсан саналд нэг их ойртож очиж байгаагүй юм.