Б.Сэр-Од 10000 метрт алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Б.Сэр-Од 10000 метрт алтан медаль хүртлээ

Монголын бүх ард түмний XIII их наадмын хүрээнд зохион байгуулж буй хөнгөн атлетикийн тэмцээн өнөөдөр эхэллээ. МБАТ-ий их наадмын хөтөлбөрт багтсан спорт төрлүүдээс 18 дахь нь болох хөнгөн атлетикийн тэмцээнд нийслэлийн есөн дүүрэг, хөдөө орон нутгаас 18 аймаг болон спорт хороодын 450 гаруй тамирчин оролцож байгаа юм. Тэмцээний нээлтийн ёслол өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болж, Монголын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Л.Болд, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, дэд дарга Д.Сүрэнхорлоо нарын албаны хүмүүс оролцов.

Хөнгөн атлетикийн спорт бол бүх спортын хатан хаан хэмээн өргөмжлөгддөг, олон төрөл, зайн тамирчдыг хамардаг. Монголын баг тамирчдаас Гавьяат тамирчин, марафонч Б.Сэр-Од, Л.Отгонбаяр нар Монгол Улсаас олимпийн анхны эрхийг авсан төдийгүй “булган сүүлтэй” байж, түүний залгамж болж олон тамирчид эрхээ өвөртлөн, Лондонгийн олимпийн наадамд хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцох болсонд баяртай байгаагаа холбооны ерөнхийлөгч Л.Болд тэмцээний нээлтийн үеэр хэлж байлаа.

Энэ удаагийн тэмцээн эрэгтэй болон эмэгтэйчүүдийн төрөлд гүйлтийн 100, 200, 400, 800, 1500, 5000 болон 10000 метрийн зай, мөн 4х100, 4х400 метрийн буухиа гүйлт болон уртын харайлт, өндрийн харайлт, гурвын харайлт, бөөрөнцөг түлхэлт, зээрэнцэг шидэлтийн төрөлд аваргуудыг тодруулах юм.

Өнөөдөр өглөө эрэгтэйчүүдийн 10 мянган метрийн гүйлтийн тэмцээн болж, Гавьяат тамирчин Б.Сэр-Од түрүүлж, алтан медаль хүртжээ. Английн Ньюкасл хотноо олимпийн бэлтгэлээ базааж буй тэрбээр Монголын “олимп”-д оролцохоор эх орондоо түр ирээд байгаа юм. Тэмцээнээ дуусгаад буцаад Английг зорих гэнэ.

МБАТ-ий XIII их наадмын хөнгөн атлетикийн тэмцээн ням гаригт өндөрлөнө.

Зургийг ЭНД дарж үзнэ үү

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж