МТЗ компанийн шинэ даргад хэнийг томилох вэ?

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

МТЗ компанийн шинэ даргад хэнийг томилох вэ?

Төрийн өмчийн хорооны өчигдрийн хуралдаанаар “Монголын төмөр зам” компанийн захирал Б.Батзаяаг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан билээ.

Тэгвэл Б.Батзаяагийн оронд томилогдох хүний нэр тодорсон гэх мэдээлэл ид яригдаж байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр бол “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн шинэ даргаар Г.Өлзийбүрэнг томилох бололтой. Тэрбээр Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” компанид ажиллаж байсан, одоо нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын ойрын хүн гэх. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн зүгээс Г.Өлзийбүрэнг “Монголын төмөр зам” компанийн захирлаар томилохыг дэмжин хүч өгч байна гэх мэдээлэл ч байгаа юм. Гэхдээ Төрийн өмчийн хороо Б.Батзаяаг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргахдаа алдаа гаргасан гэж үзэх хүмүүс байгаа учраас Г.Өлзийбүрэнг шууд “Монголын төмөр зам” компанийн даргаар томилчих зүрх  хүрэхгүй байх гэх мэдээлэл ч байна.

Хуулиараа бол эхлээд Б.Батзаяа нь “Монголын төмөр зам” компанид томилогдон ажилласнаас хойшхи ажлынх нь үр дүн ямар байсан гэдэг талаар Төрийн өмчийн хорооны хурлаар хэлэлцэх ёстой байсан аж. Гэтэл ажлынх нь үр дүнг хэлэлцээгүй бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард түүний ажлын үр дүнг холбогдох байгууллагуудаас нь Төрийн өмчийн хороонд гаргаж өгсөн ч, хэлэлцэлгүй хойшлуулж явсаар өдийг хүргэсэн гэх мэдээллийг эх сурвалж өглөө.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж