Дорноговийн эмнэлэг хүнд байдалд ажиллаж байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Дорноговийн эмнэлэг хүнд байдалд ажиллаж байна гэв

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн үйлдвэрчний эвлэлээс Дорноговьчуудын эрүүл мэндийн үйлчилгээ, эмч, ажилтнуудын нөхцөл байдлын талаар өнөөдөр Улс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт 180 эмч, ажилтан ажиллаж байгаа гэнэ. Тус аймгийн эмч нарын яриагаар, сүүлийн арван жилд 26 орон тоог л нэмэгдүүлжээ. Гэтэл эмнэлгийн болон эрүүл мэндийн үйл ажиллагааны стандартын дагуу одоогоор 60 орон тоо хэрэгтэй байгаа аж. Нэг эмч, ажилтны хийх ажил болон ажлын цаг хэт ихээс ачаалал үүсч, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний түргэн шуурхай, хүртээмжтэй байдалд нөлөөлөхөөс гадна эмч, ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдөж байгаа талаар онцлов.  Тухайлбал, нэг эмч өдөрт 16-24 хүнийг үзэх ёстой байдаг ч 25-60 хүнийг үзэж байгаа. Аймгийн нэгдсэн эмнэлэг болоод сумдын эмнэлэгт халуун ус байдаггүй гэнэ. Түүнчлэн эмчилгээний үйл ажиллагаанаас гадна үйлчлүүлэгчийн картын бичиж, Эрүүл мэндийн яамнаас ирсэн төрөл бүрийн маягтыг бөглөхөд цаг хугацаа ихээр шаарддаг ажээ. “Дорноговь аймаг үйлдвэржилтийн бүсэд хамаарагдаж, мянганы зам тавих их ажил өрнөж байгаа болохоор эрүүл мэндийн үйлчилгээ авагчид ихээхэн нэмэгдэнэ. Тэгэхээр хүн хүч дутмаг байгаа эмнэлгийн үйлчилгээ иргэдэд яаж хүрэх вэ гэдэг асуудал байна” гэв. Тиймээс эдгээр эмчилгээний орчин нөхцөл болоод ажиллах хүчний асуудлыг яаралтай шийдэж өгөхийг холбогдох яам, агентлагуудаас хүсч байгаа ажээ. 

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж