![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2010/4/20b7607eca6d7dcd/649f453396afe278big.jpg)
Мөн Засгийн газрын зүгээс УИХ-ын сонгуулийн дараа амьдрал үргэлжлэхгүй юм шиг аашилж эдийн засгийг туйлдуулж буй нь туйлын буруу алхам болж байна гэж шүүмжлэх хэсэг байсан бол инфляцийг бууруулах хүрээнд холбогдох газрууд арга хэмжээ авсангүй гэж хэлэх гишүүд ч байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Ганбямба “Улсын хэмжээнд өнөөдөр инфляци 16 хувь, Улаанбаатар хотод 17.4 хувьд хүрсэн нь эрэлттэй холбоотой. Нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талд Засгийн газар ямар бодитой арга хэмжээ авсан юм бэ. Иргэдийн амьжиргаа дээшилсэн эсэхийг бодит орлогоор нь хэмжих боломжтой. Гэтэл инфляци асар өндөр байхаар иргэдийн бодит орлого өсөхгүй байна. Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг 53 хувиар нэмлээ. Гэвч амьдрал сайжрах шинж алга, ер нь цалин, тэтгэврийг нэмэхдээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын цалинг нэммээргүй байна. Оронд нь хамгийн бага цалинтай, тэтгэвэртэй хүмүүстээ гурав дахин нэмэгдүүлж өгөх шаардлагатай” гэж байлаа. Тэгвэл УИХ-ын гишүүн П.Алтангэрэл “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Н.Номтойбаяр, Боловсрол, соёл шинжлэх ухааны дэд сайд Б.Ундармаа нар Дорнод аймагт хаваржиж байна” гэж шүүмжиллээ. Харьяалах яамдад нь хийх ажил байдаггүй юм уу, байсхийгээд л зөөлөн эдлэл янз бүрийн юм авч очиж тараадаг гэнэ, дэд сайд Б.Ундармаа нь. Дэд сайд Н.Номтойбаяр болохоор “Сонгуулиас өмнө нэг сая төгрөгийг бэлнээр өгнө” гэж яриад явж байгаа. Ажил хийлгэх гэж төрийн албанд томилсон юм уу, эсвэл Монголын хуулийг уландаа гишгэж улстөр хийгээд яв гэж дэд сайдын албанд томилсон юм уу, үүнд тайлбар хийх ёстой” гэж гишүүн мэдэгдсэн юм. Үүний хариуд Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр “Зөөлөн эдлэл модон эдлэлийг бүх аймагт хүргэж байгаа, тэр хүрээнд л ажил явж байгаа. Түүнээс илүү мөнгө гаргаад Дорнод аймагт түлхүү цацаад байгаа асуудалгүй” гэсэн юм. Харин Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди “Н.Номтойбаяр сайдыг улстөрийн сонгуулийн хууль зөрчөөд янз бүрийн юм амлаад явж байгаа эсэхийг мэдэхгүй. Ямар ч байсан энэ хүн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа” гэлээ.
Түүнчлэн хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Ламбаа “Таван нярайн нэг нь амьгүй байна гэсэн материал тараагдах боллоо. Энэ мэдээлэл үнэхээр үнэн бол сүйд болж байна” гэсэн юм. Учир нь таван нярайн нэг нь амьгүй мэндэлж байгаа нь үнэхээр үнэн бол 70 мянган нярай мэндлэхэд 16 мянга нь амьгүй болж таарах гээд байгаа. Энэ бол аймшигтай тоо болж хувирч буй юм. Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарын тайлбараар бол “Эрүүл мэндийн яам ийм тоог гадагш өгөөгүй, “Цэвэр агаар сан”-гаас гаргасан материалд тийм ташаа мэдээлэл гарсан байсан. Төслийнхөнд эл асуудалтай холбогдуулан хандсан, тэд мэдээлэл буруу байна гэдгээ хүлээн зөвшөөрч эдгээр материалуудаа татсан” гэсэн хариулт өглөө.