
Барилгын нуралтын шалтгааныг МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газраас шалгаж, дүгнэлт тогтоожээ. Холбогдох байгууллагын мэдээлснээр тухайн барилгын нурах болсон гол шалтгаан нь нойтон бетон зуурмаг доош гоожсон, хучилтын арматурууд нь ил гарсантай холбоотой аж. Нөгөөтэйгүүр бетон зуурмаг нь 70 хувийн бэхжилт авсны дараа дам нуруу, хучилтын хавтан цутгах угсралтын ажлын технологийг тавих ёстой зэрэг дүрмийг зөрчсөнөөс нуралт үүссэн байна. Мөн барилгын зураг төсөл улсын экспертизийн албаар хянагдаагүй, барилгын талбай дахь зураг төсөлд зохиогчид гарын үсэг зурж баталгаажуулаагүй байжээ. Барилгын угсралтын ажлыг гүйцэтгэж буй Т.Чойжилжав даамалтай барилгын бригад нь барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй зэрэг нь тогтоогдсон. Цаашид барилгын нурсан хэсэг болон суурийг бүрэн буулгаж, зайлуулах шаардлагатай болжээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.
