Лукашенкогийн илчлэлт

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Лукашенкогийн илчлэлт

Белорусийн ерөнхийлөгч  Александр Лукашенко өнгөрсөн мягмар гаригт Ливийн лидер агсан Муаммар Каддафи нэгэн удаа Францын ерөнхийлөгч Саркозийн сонгуулийн кампанийг санхүүжүүлсэн гэх мэдээллээ түүнтэй хуваалцсан гэлээ.

“Сонгуулийн кампаниар түүнийг 50 саяыг авсан гэж хэвлэлээр шуугисан. Харин Мауммар Каддафийн хэлсэн үгнээс  бол түүнээс 100 сая гаруй ам.доллар авсан. Айлчилж байх үедээ энэ талаар Каддафи өөрөө надад ярьсан юм. Харин би энэ сонгуулийн кампанид оролцох гээгүй” гэж ярьсан Лукашенкогийн үгийг БелТА агентлаг дамжуулсан байна.

Белорусийн ерөнхийлөгч мөнгө авсан гэх хэргийг Ливийн хэрэг явдлын гол шалтгааны нэг гэж таамаглав. “Үүнээс болоод ч юм уу Ливийг бут ниргэж, Каддафийг устгасан байхыг үгүйсгэх аргагүй. Одоо ул мөрөө үлдээхгүй гээд түүний гэр бүлийг хүйс тэмтрэх гэж байна. Ардчилал гэдэг чинь энэ дээ” гэж тэрээр онцлон хэлжээ. “Хэрэв францчууд ба ардчилагчид тийм ухаантай юм бол сонгуульдаа Ливийн удирдагчаас мөнгө авсан Саркозийг хоёр, гурван жилийн өмнө хөөх ёстой байсан” гэж Александр Лукашенко хэлжээ. Шинэ ерөнхийлөгч сонгогдсон гээд хоёр орны харилцаанд өөрчлөлт гарна гэж тэрээр үзэхгүй байна. Лукашенко зөв зүйл ярьдаг хүн засагт гарч ирлээ гэж хэлсэн ч гэхдээ л ямар нэгэн өөрчлөлт харилцаанд гарахгүй гэж тэрээр тайлбарлав.

 Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Mediapart гэдэг франц портал араб хэл дээр байгаа нэгэн баримтыг нийтэлсэн нь 2007 оны Саркозийн сонгуулийн кампанийг Мауммар Каддафи 50 сая еврогоор санхүүжүүлсэн тухай бичиг байжээ. Үүний дараа Саркози өөрөө Мауммар Каддафийн дэглэм түүний сонгуулийн кампанийг 50 сая еврогоор санхүүжүүлсэн гэдгийг эрс үгүйсгээд портолыг шүүхэд өгнө гэсэн юм. “Энэ бол эвлүүлэг, энэ бол хуншгүй үйлдэл!” гэж тэрээр телевизид ярихдаа мэдэгдээд “Энэ худал хуурмагийн гал тогоо зүүнийхэнд үйлчилдэг” гэж байсан юм. Тэр өдрийн орой Франсуа Олландын штабаас энэ хэргээр эрүү үүсгэхийг шаардсан. Тавдугаар сарын 1-нд мэдээлснээр нийтлэгдсэн баримтын дагуу Францын прокурор шалгалтаа эхэлсэн гэжээ. Сануулахад Саркозид мөнгө өгсөн гэж Каддафийн хүү хамгийн анх дугарч өнгөрсөн жилийн гуравдугаар сард мөнгөө эргүүлэн төлөхийг шаардсан. Тавдугаар сарын 2-нд Mediapart портал Саркозийн эсрэг гомдлыг шүүхэд  гаргаж байсан юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж