Шатрын ирээдүйн одод Монголоос төржээ

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Шатрын ирээдүйн одод Монголоос төржээ

Саяхан Румыний Часи хотод болсон шатрын сурагчдын дэлхийн аварга шалгаруулах найм дахь удаагийн тэмцээнд манай өсвөрийн шатарчид амжилттай оролцож хоёр алт, хос хүрэл медаль хүртээд иржээ. Тэмцээний ес хүртэлх насны ангилалд их мастер Д.Шаравдоржийн шавь “Орчлон” сургуулийн сурагч Э.Баасансүрэн, 17 хүртэлх насны ангилалд 15 дугаар сургуулийн сурагч Ц.Лхагвасүрэн нар тэргүүн байр эзэлж сурагчдын дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолын эзэд болсон байна. Мөн тэмцээний хамгийн бага буюу охидын долоо хүртэлх насны ангилалд Багануур дүүргийн шатарчин Г.Маралгуа, түргэн тоглолтын төрөлд есөн настай Х.Баясгалан хүрэл медаль хүртэж монгол түмнээ баярлуулжээ.

Дэлхийн шатрын ирээдүйн ододтой уулзаж ярилцсан юм. Эхлээд шатрын сурагчдын дэлхийн аварга “Орчлон” сургуулийн 3б ангийн сурагч Э.Баасансүрэнтэй хөөрөлдлөө.

Э.Баасансүрэн: Өвөөгөө хожих гэж тоглосоор дэлхийн аварга болсон

-Амжилт үзүүлэхэд хамгийн их нөлөөлсөнхүн хэн бэ?

-Миний багш Их мастер Д.Шаравдоржийн гавьяа их гэж бодож байгаа. Багш манаь намайг урамшуулж, магтаж байдаг. Энэ нь надад их гоё санагддаг болохоор би санаа зовохгүй тоглодог. Мөн миний ээж, аав их дэмжсэн. Намайг зоригжуулж, хайрлаж байдаг ээждээ их баярладаг даа.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч чинь хэн байв?

-Румын улсын тамирчин их хүчтэй байсан. Би маш их хичээж, бодож тоглосон. Тэгээд хожсон.

-Багштайгаа тоглодог уу, хожихыг хамгийн их хүсдэг хүн чинь хэн бэ?

-Би багштайгаа хааяа нэг тоглодог. Тэгээд заримдаа хождог. Гэхдээ би өвөөтэйгээ тоглохдоо дандаа хожигддог байсан. Тэгээд өвөөгөө хожих гэж тоглосоор байгаад шатарт дуртай болсон. Бас Болдоог хожмоор санагддаг. Тэр их сайн тоглодог. Сая дэлхийн аваргад оролцсон.

-Дараагийн тэмцээнээ товлосон уу?

-Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Түрүүлэх юмсан гэж бодож байна.

Х.Баясгалан: Хот нь цэл ногоон, ямар ч хоггүй байсан

Түргэн тоглолтын төрөлд хүрэл медаль хүртсэн I сургуулийн 3в ангийн сурагч Х.Баясгалантай ярилцав.

-Очсон хот нь таалагдсан уу. Тэнд хэр удсан бэ?

-Бидний очсон хот маш гоё санагдсан. Хамгийн гол нь тэр хот маш гоё ногоон мод, зүлэгтэй байснаас гадна маш цэвэрхэн байсан нь надад их таалагдсан. Манай хотод хүмүүс хогоо хамаагүй хаяж харагддаг. Тэндхийн хүмүүсийг гудамжиндаа хог хаяж байхыг арав хоноход би лав хараагүй.

-Энэ спортоор хэдэн жил хичээллэж байна ?

-Би таван настайгаасаа эхлэхэд дөрөв дэх жилдээ хичээллэж байна. Т.Төрмөнх багшдаа баярлалаа. Түргэн тоглолтын төрөлд хүрэл медаль, үндсэн тоглолтод дөрөвдүгээр байрт орсон.

-Ирээдүйн зорилго нь юу вэ?

-Би санхүүч болохыг хүсдэг. Гэхдээ шатраа хэзээ ч орхихгүй. Дэлхийн аварга болно гэж бодож байгаа.

“ӨДРИЙН ШУУДАН” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж