-Та бүхэн хиймэл дагуул хөөргөж ямар судалгаа хийхээр төлөвлөсөн бэ?
-Сансрын суурь судалгааны туршилтууд, мөн Монголынхоо соёл боловсролын салбарыг дэлхийд сурталчилна. Бид анх удаа өөрийн хиймэл дагуулаар эх орныхоо нутаг дэвсгэрийн зургийг авна. Мөн морин хуурын аялгуу, Норовбанзад гуайн дуу болон текстэн мэдээлэл зэргийг хиймэл дагуулаар дамжуулан дэлхий дахинд хүргэх бололцоотой болно.
-Хиймэл дагуулыг хэрхэн бүтээх гэж байна вэ?
-Олон улсын стандартад зохицсон тоног төхөөрөмжүүдийг мэргэжлийн байгууллагуудаас авч өөрсдөө угсраад, туршилтын төхөөрөмжүүдээ суурилуулна. Холбогдох программ хангамж, холболтыг Монголд хийж туршаад, АНУ руу явуулж тус улсаас хөөргөх юм. Манай хиймэл дагуулыг суурилуулсан пуужин олон улсын сансрын станцтай ойролцоо маршрут болох доод орбитын 52 градусын өнцөгт, 400-800 км-ийн өндөрт байрлах маршрутын дагуу нислэг үйлдэнэ.
-Хиймэл дагуулаа Монголд бүтээнэ гэсэн. Шаардлагатай технологи, хэрэгсэлийг яаж хангах вэ. Орчин нь хэр бүрдсэн гэж бодож байна вэ?
-Бид АНУ болон ШУА-ийн Мэдээлэл технологийн хүрээлэн, МУИС-ийн Цөмийн судалгааны төвтэй хамтран судалгаа шинжилгээ хийж байна. Хиймэл дагуул бүтээхэд шаардагдах бүх нөхцлийг бид өөрсдөө бүрдүүлэх болно. Монгол Улс өөрийн гэсэн хиймэл дагуултай, түүгээрээ дамжуулан дэлхий нийтэд олон зүйлээрээ танигдах учир бид хариуцлагатай үүрэг хүлээж байгаа.
Эх сурвалж: mongolianeconomy.mn