Дуучин Г.Тэнүүнийг “Зугаалга”, “Худлаа даа”, “Хайрын сонат”, “Хамт байвал болох уу” зэрэг дуунуудаар сайн танина. Саяхан “Picnic” нэртэй анхны цомгоо өлгийдөн авсан тэрбээр өнгөрсөн жил дуурийн дуучин мэргэжлээр СУИС-ыг төгссөн бөгөөд өөрийн мэргэжлээрээ анхны тэмцээндээ оролцохоор болжээ. Тэрбээр Гавьяат жүжигчин, дэд профессор Д.Банди гуайн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанд өрсөлдөх гэж буйгаа өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан фенүүддээ дуулгалаа.
Уг уралдааныг түүний шавь нар болох М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны хоёрдугаар байрын шагналт, Римский Корсаковын уралдааны шагналт “Сүлд” чуулгын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, ДБЭТ-ын гоцлол дуучин Ч.Энхтайван, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга нар зохион байгуулж байна. Уралдаан энэ сарын 14-17-ны өдрүүдэд Улсын филармонид болно.
Г.ДАША