
Түүнлэн өнөөдөр17.00 цагт Франц-Монголын соёлын өдрүүдэд зориулсан сонгодог урлагийн үдэш болох бөгөөд Жорж Бизегийн “Кармен” дуурийг тайзнаа амилуулах аж. Тус дуурийг Р.Ресико, П.Курт нарын удирдлаган дор Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид тоглох юм байна. Францын хөгжмийн зохиолч Жорж Бизе францын алдарт зохиолч Меримегийн “Кармен хүүхэн” зохиолоор дуурь хийсэн нь 1875 оны гуравдугаар сард Францын театрт анх тавигдсан байна. “Кармен” дуурь маш богино хугацаанд алдрын оргилд хүрснээрээ дэлхийд алдартай. Театруудын түүхээс харахад ийнхүү гэрлийн хурдаар алдаршсан жүжиг ховор. Анхны тоглолт нь тухайн үеийнхээ нэртэй шүүмжлэгчдээс хатуухан үг сонсч байсан ч үүнээс гуравхан сарын дараа бага зэрэг засварлан Венийн театрт тавьснаар дэлхийд алдарших зам нь нээгдсэн байна. Гэхдээ Жорж Бизе энэ жүжгээ хэрхэн алдар хүндийн оргилд хүрч буйг харж чадаагүй юм.
Түүнийг нас барснаас хойш гурван сарын дараа “Кармен” дуурь дэлхийн театруудын тайзыг байлдан дагуулж эхэлсэн гэдэг. Ингээд 1880 он гэхэд “Кармен” дуурь дэлхийн шилдэг дууриудын нэг болж, театруудын урын санд жинтэй байр суурь эзлэх болжээ. Франц-Монголын соёлын өдрүүд энэхүү дууриар хаалтаа хийх юм байна.
Г.Даша