Архангай, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, аймгийн найман суманд 11 түймэр асч, Сэлэнгэ, Төв, Булган, Дорнод, Хөвсгөл аймгийн нутагт зургаан түймэр цурманд байгаа аж. Харин Хөвсгөл аймгийн Арбулаг, Хэнтийн Норовлин суманд гарсан хоёр түймрийг бүрэн унтраажээ.
Түймрийг унтраахаар Онцгой байдлын албаны 246, Хилийн цэргийн 21 албан хаагч, аймгийн БОАЖГ-ын Ойн нэгж, сумын сум дундын ойн анги, орон нутгийн иргэн нийлсэн 1220 иргэн, 88 автомашин, техник хэрэгсэл ажиллаж байгаа аж.
Энэ сарын 9-10-нд асч буй түймрийг унтраахаар монгол орны нутаг дэвсгэрт үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулсан байна. Дээрх хугацаанд Ховд, Хэнтий, Увс аймгийн нутаг дэвсгэрт цаг агаарт зориудаар нөлөөлөх нөхцөл бүрдсэн аж.
Увс аймгийн Өмнөговь сумын экспедиц 18 грамм реагент (зургаан пуужин), Ховд аймгийн экспедиц гурван грамм реагент (нэг пуужин) мөн Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт газрын генератор ажиллуулж 40 грамм реагентыг (дөрвөн түлш) үүлэнд цацлаа.
Үүний үр дүнд Увс аймагт дөрвөн мм хүртэл (Түргэн сум дөрвөн мм), Баян-Өлгий аймагт таван мм хүртэл (Даян сум таван мм), Хэнтий аймагт найман мм хүртэл (Норовлин сум найман мм) тунадас тус тус оржээ. Өчигдрийн байдлаар Ховд, Төв, Хөвсгөл аймгийн экспедицүүд үүлэнд ажиллахаар бэлэн байдалд байгаа аж.