Цус харвалтаас сэргийлэх мэдлэг олгоно

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Цус харвалтаас сэргийлэх мэдлэг олгоно

Тархины цус харвалтаар нэг жилд 15 сая хун амь насаа алддаг аж. Харин 2010 оны байдлаар манай улсын хун амын нас баралтын шалтгааны хамгийн их буюу 37 хувийг энэ төрлийн өвчин эзэлсэн байх юм. Хүн амд аюул болон заналхийлсэн уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэдэд мэдлэг мэдээлэл олгох нь хамгийн чухал.

Тиймээс Клиникийн II эмнэлгийнхэн "Тархины харвалт өвчний тусламж үйлчилгээ" сэдэвт нээлттэй өдөрлөгийг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа базааж байна. Энэ талаар тус эмнэлгийн Мэдрэлийн эмч Ц.Ганзоригоос тодрууллаа.

-Манай улсын хүн амын өвчлөлийн тодорхой хэсгийг цус харвах өвчин эзэлж байна. Өвчлөлийг багасгах зорилгоор танайхан иргэдэд нээлттэй мэдээлэл өгөх гэж байгаа гэж сонслоо. Энэ талаар тодруулаач?

-Иргэдэд маань цус харвалт өвчин тулгамдсан асуудал болоод байна. Энэ нь цус харвалтын талаарх мэдлэг иргэдэд хомс байгаатай холбоотой гэж үздэг. Тиймээс манай эмнэлгийнхэн "Тархины харвалт өвчний тусламж үйлчилгээ" сэдэвт нээлттэй өдөрлөгийг энэ сарын 16-нд зохион байгуулахаар бэлтгэж байна.

-Өдөрлөгийн үеэр иргэд ямар ямар үйлчилгээг авах вэ?

-Тархины цус харвах өвчний талаарх бүхий л мэдээллүүдийг иргэдэд өгнө. Өөрөөр хэлбэл, энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт таних, нэгэнт цус харвалт тохиолдсон үед эрсдэл багатай, хурдан эдгэрэх, энэ төрлийн өвчнийг үүсгэгч хүчин зүйлүүдийг таниулах, эрүүл аж төрөх ёс болон хооллолтын талаар эмч мэргэжилтнүүд маань мэдээлэл, зөвлөгөө өгөх юм.

Мөн Эрүүл мэндийн даатгалд хамрагдах, тухайн хүнд ямар хөнгөлөлтүүд үзүүлэх, нийгмийн халамжийн "тэргэнцэр таяг зэргийг хаанаас яаж авах тухай ч өдөрлөгөөс мэдэж болно.

Эдгээр мэдээллийг багцалсан гарын авлагыг иргэдэд тараана. Иргэд маань өөрсдөө тулгамдсан асуудлаа эмч мэргэжилтнүүдтэй зөвлөөд, харилцан уялдаатай ажиллах нь үйл ажиллагааны бас нэгэн зорилго юм.

-Хөдөлмөрийн насны хүмүүс уг өвчинд өртөхөд сэтгэл санааны хүнд байдалд ордог. Энэ үед ар гэрийнхний авах арга хэмжээг өдөрлөгөөс олж мэдэж болох нээ?

-Тийм. Хөдөлмөрийн насныхан цус харвахад тухайн гэр бүлийнхэн сэтгэл санааны гутралд ордог. Энэ үед асаргаа сувилгааг хэрхэн хийх талаар Нийгмийн халамжийн газраас сэтгэлзүйчид ирж зөвлөнө. Өвчлөгсдийг ажиглаж байхад харвалтын дараах сэргээн засах эмчилгээ буюу хөдөлгөөн заслыг орхигдуулаад байдаг.

Манайхан зөвхөн эм, тaриa хийснээр өвчин хурдан эдгэрэх юм шиг боддог. Угтаа эмээр биш хөдөлгөөн заслаар маш сайн үр дүнд хүрдэг гэдэг нь батлагдсан. Тэгэхээр хөдөлгөөн заслыг хэрхэн хийдгийг өдөрлөгт ирсэн үйлчлүүлэгчдэдээ зааж, зөвлөнө.

-Клиникийн II эмнэлгийг эмчилгээ сайтай ч, төлбөр өндөртэй гэж гомдоллодог. Нээлттэй өдөрлөгийн үйлчилгээнд хамрагдахад ямар нэгэн төлбөр төлөх үү?

-Өдөрлөгийн үеэр иргэд бүх төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй авна. Тэд зөвхөн тархины харвалтын талаарх мэдээлэл аваад зогсохгүй, харвалт өвчний эрсдэлт хүчин зүйлүүд болох даралт ихсэх, биеийн жингийн илүүдэлт, цусны даралт хэмжих, даралтын зэргийг тогтоож өгөх, мөн боломжтой бол ясны сийрэгжилтийг тодорхойлох зэрэг арга хэмжээ зохион байгуулна.

-Энэ төрлийн өвчин удамшдаг нь хянаж болдоггүй эрсдэлт хүчин зүйл гэж үздэг. Тэгвэл иргэд өөрсдийгөө хамгаалж чадах хүчин зүйлүүдэд юу орох вэ?

-Сүүлийн үед залуусын дунд архи, тамхины хэрэглээ нэмэгдсэн шүү дээ. Энэхүү хорт зуршлыг хаяж чадвал эрсдэлт хүчин зүйлээс өөрийгөө хамгаалж байна гэсэн үг. Мөн амьдралын зөв хэвшил, хооллолт, бусад эрхтэн тогтолцооны өвчин, эмийн зохисгүй хэрэглээ ч үүнд нөлөөлдөг.

-Харвалтын үед гараа өргөх, архи уулгах зэргээр иргэд ярьдаг ч зөв эсэхийг тэр бүр мэддэггүй шүү дээ.

-Тиймээ. Эмч мэргэжилтнүүд өвчлөлийн тухай хоорондоо л ярилцаж, асуудлуудыг шийдвэрлэх нь элбэг байдаг. Яг тухайн иргэнд ямар мэдээлэл хэрэг байгааг тэр бүр мэддэггүй. Өмнөх жилүүдэд манай  эмнэлгийнхэн тасгууд хоорондоо өдөрлөг зохион байгуулдаг байсан. Түүнд хэвтэн эмчлүүлэгчид болон үзүүлэхээр ирсэн иргэд л оролцдог байсан.

Харин энэ жилээс хамрах хүрээгээ өргөсгөж, нээлттэй өдөрлөг зохион байгуулах болсон. Энэ нь иргэдийн төөрөгдөөд байгаа урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авч болдог тухай олон төрлийн ач холбогдолтой мэдээлэл бэлдсэн байгаа. "Тархины харвалт өвчний тусламж үйлчилгээ" сэдэвт өдөрлөг Клиникийн II нэгдсэн эмнэлгийн хурлын танхимд болно.

Б.Энхзаяа

Зохиогчийн эрх: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж