Ю.Тимошенког аллагад буруутгана

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Ю.Тимошенког аллагад буруутгана

Украины Ерөнхий Прокурорын газар Ерөнхий сайд асан Юлия Тимошенкод бас дахин шинэ ял тулгахад бэлэн болжээ. Түүнийг Парламентын гишүүн асан, бизнесмэн Андрей Щербанийн аллагын гол захиалагч байсан гэж үзэж байгаа юм байна. Прокурорын газрын нэгдүгээр орлогч Ренат Кузьмин “Бидэнд үүнийг нотлох  баримт бий. Хэд, хэдэн гэрчийн мэдүүлэг энэ хэргийг Ю.Тимошенко болон Павел Лакаренко нар санхүүжүүлсэн гэж мэдүүлж байгаа” гэж мэдэгдсэн байна. Түүний ярьснаар, одоо Ерөнхий Прокурорын газар энэ хэргийн мөрөөр хэрэг бүртгэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд бүх юм бэлэн болмогч эрүү үүсгэх аж. Гэхдээ бүх зүйл Ю.Тимошенкогийн эрүүл мэндийн байдлаас шалтгаална гэж тэрбээр мэдэгдсэн байна. “Тимошенког эмчилж байгаа. Украины хууль ёсоор өвчтэй хүнийг байцааж болдоггүй. Тиймээс байдал арай дээрдтэл хүлээх хэрэгтэй байна. Тэр нэг сар, хоёр сар, хэдий хэрийн хугацаанд сайжрахыг би хэлж мэдэхгүй. Энэ хооронд энэ хэрэг сунжирна гэсэн үг. Гэхдээ бие нь дээрдэнгүүт л хэргийг мөрдөх, байцаах ажиллагааг эхлүүлнэ. Энэ бол зүгээр л цаг хугацааны асуудал” гэж тэрбээр өгүүлжээ.

Украины Ерөнхий Прокурорын газар өмнө нь Щербанийн үхэлд Ю.Тимошенко, П.Лазаренко нарыг буруутгах үндэслэл бий гэж мэдэгдэж байсан билээ. Харин одоо нотолгоогоо олжээ. Алуурчдад мөнгө төлсөн данс нь тэдний эзэмшдэг компанийнх байсан аж. Талийгаачийн хүү Руслан Щербань мөн Ю.Тимошенкотой ашиг сонирхлын зөрчилтэй байсан тул шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг өнгөрсөн оны наймдугаар сард гаргаж байжээ.

Х.САЙХАН

Эх сурвалж: http://www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж