Тэмээ ихэрлэх нь өдрийн од мэт ховор тохиолдол тул хэрвээ ихэр ботго мэндэлж гэмээ нь төр хүндэтгэл үзүүлж, мөнгөн буйлаар буйлдаг уламжлал бий. Энэ жил есөн настай ботголж байгаа малчин Ихбаярын хүрэн ингэ ийнхүү жанжны нутгийн мал сүргийн өсөн нэмэгдэх өөдлөн дэвжихийн бэлгэдэл боллоо.
1970- аад оны үед тус аймгийн Онгон суманд ихэр ботго мэндэлж байсан бол 2009 онд Түмэнцогт суманд мөн ихэр ботго мэндэлсэн ч албан ёсны мэдээлэгдээгүй өнгөрсөн тухай статистик баримт байдаг ажээ.
Сүхбаатар аймаг энэ жил түүхэндээ хамгийн олон мал буюу 2 сая 80 мянган толгой мал тоолуулж, малаа дөрвөн төрөл дээр нь өсгөсөн юм. Түүнчлэн энэ хавар тус аймгийн Уулбаян суманд таван ихэр хурга мэндэлсэн юм.