Сониныхоо
1000 дахь дугаарын зочноор оролцох урилгыг энэ эрхэм хатагтайд тавилаа.
Н.Сувд. Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин энэ бүсгүйг монголчууд олон
арван дүрээр нь сайн мэднэ. Тэр тусмаа Мандухай цэцэн хатных нь дүрээр
бүр илүү таних байх. Магадгүй Н.Сувдаас өөр хүн Мандухайг тийм
гайхалтай бүтээж чадахгүй байсан болов уу.
-Та нэлээд завгүй байх шиг ээ. Хэдийгээр завгүй хэрнээ ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд тань баярлалаа?
-Юуны
өмнө танай сонины 1000 дахь дугаарын зочноор уригдаж байгаадаа баяртай
байна. “Ардын эрх” сонин миний хувьд сэтгэлд их ойр санагддаг.
Ц.Балдорж агсан 1990-ээд оны үед төрийн төв хэвлэл гэж анх гаргаж
байсан болоод ч тэрүү, танай сонинг би унших дуртай. Тийм учраас л би
танд ярилцлага өгөхийг зөвшөөрсөн. Та бүхэнд баяр хүргэе. Сонин тань
олон, олон дугаараа уншигч олондоо хүргэж байгаасай гэж хүсч байна.
-Сүүлийн
үед та дандаа л Өүлэн эхийн дүрд тоглох болж. “Атга нөж” жүжиг болон
“Үхэж үл болно-Чингэс хаан” кинонд Өүлэн эхийн дүрийг бүтээсэн.
Хэдийгээр зохиол нь өөр ч Өүлэн эхийн дүрд олон тоглохоор уйтгартай биш
гэж үү?
-Зохиол болгон дээр
гардаг Өүлэн эхийн дүр бол өөр өөр. Нэг дүрийг би яг адилхан гаргана
гэж байхгүй. Мэдээж ээж хүн гэдэг утгаараа адилхан байх ёстой л доо.
Хамгийн гол нь зохиолын өгүүлэмж их чухал шүү дээ. Б.Лхагвасүрэнгийн
зохиол “Атга нөж” жүжгийн Өүлэн эхийн дүрийг найруулагч Б.Баатар надад
өгсөн юм. Маш их зориг хатуужилтай, хатуу чанга ээжийн дүр. “Үхэж үл
болно-Чингэс” хаан кинонд гардаг Өүлэн эх бол зөөлөн, уян хатан бүсгүй
хүн. Хэдийгээр нэг Өүлэн эхийн дүрийг бүтээж байгаа ч дүр гэдэг
утгаараа зохиол болгонд би өөр өөр дүрийг гаргаж өгсөн гэж боддог.
-Танд тэгээд аль Өүлэн нь таалагдсан бэ?
-“Атга
нөж”-ийнх. Өмнөө тавьсан зорилготой, хатуу чанга, эрэмгий ээж. Өүлэн
эхийг Монголын үр сад мартах учиргүй гэж боддог. Тийм хүний дүрийг
бүтээсэндээ би өөрөөрөө бахархдаг.
-“Үхэж үл болно-Чингис хаан” кино таныхаар хэр болсон бэ. Зарим хүн түүхийг гуйвуулсан муу кино боллоо гээд шүүмжлээд байгаа?
-Хамгийн
гол нь уран сайхны кино шүү дээ. Түүхийг эх адаггүй хуулж кино хийвэл
маш өндөр зардал гаргана. Миний хувьд “Үхэж үл болно-Чингис хаан” их
сайн кино болсон гэж тоодог. Нуугаад яахав, Чингис хааны тухай бүтээсэн
кинонуудаас хамгийн сайн нь. Ингэж хэлэхэд нэг их буруудахгүй биз.
Хөгжим, өнгө дүрийн хуваарилалт сайтай сайн кино гэж үнэлж байгаа.
Магадгүй миний үзэл бодол хэн нэгэнд таалагдах албагүй шүү дээ. Хүн
болгон энэ киног өөр өөрийнхөөрөө хүлээж авсан байх гэж бодож байна.
-Өүлэн
ээж, Мандухай цэцэн хатан гээд Монголын баатарлаг эмэгтэйчүүдийн дүрийг
та гайхалтай бүтээсэн. Харин одоо ямар дүр бүтээхийг хүсч байна вэ?
-Амьдралд
идэвхтэй эмэгтэйн дүрийг бүтээхийг хүсч байна. Мэдээж уг зохиолын гол
дүр нь тэр эмэгтэй байгаасай гэж боддог. Зохиол бүтээлүүдээс харахад
гол дүрийн баатар нь голдуу эрэгтэй хүн байдаг л даа. Тэдний дүрийг
зохиолын гол дүр болгохсон гэж боддог юм.
-Танай
театр “Эдип” хаан жүжгээр өвөл цагийнхаа нээлтийг хийсэн. Эхтэйгээ
нөхцөж, эцгээ алсан тийм жүжгээр нээлтээ хийх хэрэгтэй байсан гэж үү?
–
3000 жилийн тэртээд бичигдсэн энэхүү бүтээл өдгөө ч үнэ цэнэтэй хэвээр
байна шүү дээ. Найруулагч Ч.Түвшингийн “Эдип” хаан жүжгийн төсөл
тендерт шалгарсан. Манай театр тавих жүжгээ тендэрээр шалгаруулдаг
ёстой юм л даа. Өнөөдөр нийгэм тайван бус, айдас хүйдэстэй болжээ. Яг
ийм үед энэ жүжгийг тавьснаар олон санааг хүмүүст өгч, хэлж чадна
гэдэгт итгэлтэй байна. Хэн нэгэнд нээрээ ийм байдалд хүрчихвий гэсэн
болгоомжлолыг өгөх гэсэн юм.
-Мний бодлоор “Эдип хаан” их сайн жүжиг болсон байна лээ?
-Тайзан
дээр тоглож байгаа жүжиг лангуун дээр зарж байгаа бараа шиг биш
болохоор шалгуур өндөртэй. “Эдип хаан” жүжиг сайн болсон гэдэгтэй би
тантай санал нэг байна. Энэ жүжгийг эрх мэдэлтнүүд ирж үзээсэй гэж хүсч
байгаа шүү.
-Нээрээ 1996 онд билүү,
та УИХ-д нэр дэвшиж байсан санагддаг. Хэрэв тэгэхэд ялсан бол та
урлагийн хүн биш улстөрч болчихсон байгаа даа?
-1996
оны УИХ-ын сонгуульд намаас намайг дэвш гэсэн үүрэг өгсөн. Одоогийнхтой
харьцуулахад мөнгө тушаасан нь УИХ-д нэр дэвшдэг байгаагүй юм. Нам
УИХ-ын сонгуульд нэр дэвш гэж үүрэг болгодог байлаа. Тухайн үед УИХ-ын
гишүүнээр сонгогдоогүй нь зөв ч болсон юм шиг санагддаг юм. Би улс төрч
биш урлагийн хүн байсан нь дээр. Монголын драмын театрыг хөгжүүлэхэд
оруулах миний хувь нэмэр УИХ-д сууж хууль батлахаас илүү байсан. Тэнд
суугаад хэрэлдэж байснаас энд шавь нартаа дуулсан, мэдсэнээ зааж байх
нь надад илүү сонирхолтой, бас илүү амар санагдсан. Шулуухан хэлэхэд
улстөрч байснаас илүү урлагийн хүн байх нь надад илүү таалагддаг.
Тэгээд ч би өөрийгөө сонгуульд ялагдаагүй гэж боддог. Ялагдаж сурна
гэдэг ялж сурахын нэр. Хачирхалтай нь манай тойргийн сонгогчид одоо ч
гэсэн надтай утсаар ярьж уулзалддаг юм.
-Одоо УИХ-д нэр дэвш гэж нам чинь үүрэгдвэл хүлээн зөвшөөрөх үү?
-Үгүй
байх. Одоо хамаг цаг заваа урлагтаа л зориулж байна. Өнөөгийн улс төр
1996 оныхтой харьцуулахад их заваан болсон байна лээ. За тэгээд нөгөө
сонгуулийн луйвар, булхай, будилаан нь яг хэвээрээ.
-Улс
төрд сууснаас урлагтаа хүчин зүтгэсэн нь илүү дээр гэл ээ. Тэгвэл манай
драмын театр дэлхийн түвшинд хүрсэн гэж хэлж чадах уу?
-Чадна.
Сонгодог жүжгээрээ ч, орчин үеийн жүжгээрээ ч манай театр дэлхийн
хэмжээнд хүрсэн. Тэр тусмаа жүжиглэх ур чадвар, жүжигчдийнхээ авьяасаар
бол нэлээд дээгүүрт ордог юм.
-Та бусад театруудын тавьж байгаа бүтээлүүдийг хэр үзэж байна. Өөрийнхтэйгээ харьцуулах журмаар ч юм уу?
-За
даа, бараг зав гардаггүй юм аа. Өглөө 8,00 цагаас оройн 23 цаг хүртэл л
ажилладаг. Яахав, хааяа зав гаргаж зарим нэг тоглолтуудыг үзнэ. Гэхдээ
тийм ч олон биш л дээ. Зав гарвал ном л унших дуртай.
-Тэгвэл дэлгүүр хэсэх зав гаргадаг биз дээ, өөртөө.
-Ёстой
үгүй, зарим хүмүүс гайхах байх л даа. Хамгийн сонин нь би дэлгүүр орж
амждаггүй. Зарим эмэгтэйчүүд дэлгүүр хэсч кайф авдаг юм шиг байна лээ.
Харин миний хувьд бол тийм биш.
– Завгүй, завгүй ч гэсэн ээжтэйгээ уулзах зав гаргадаг биз дээ?
-Би
залуугаасаа л гэрийн ажилд оролцоод байдаггүй байсан. Тэгэхээр айлын
сайн охин, сайн эзэгтэй бас сайн эмээ юм байж чаддаггүй юм шиг байна.
/ инээв/. Ээжтэйгээ цайлаад суух боломж их ховор. Долоо хоногтоо нэг
удаа биеийг нь асууж ороод л гардаг юм.
-Ээж тань гомдоллохгүй юу?
-Өөрөө урлагийн хүн болохоороо ойлгодог юм аа, охиноо.
-Авьяас
бас гоо үзэсгэлэнг бурхан танд харамгүй өгсөн бололтой. Та өтлөөгүй, яг
л хэвээрээ байх юм. Ингэхэд гоо сайхандаа хэр анхаардаг бол?
-Баярлалаа.
Миний хувьд гоо сайхан дотроосоо гэрэлтдэг болов уу гэж боддог. Сэтгэл,
сэтгэхүйн гоо сайхан хүнийг залуу, сайхан харагдуулдаг, хүнийг чимдэг
юм болов уу. Би гоо сайхандаа анхаарч байна гээд толины өмнө хэдэн
цагаар суудаггүй. Тэгэх зав нь ч алга. Уучлаарай, ахиад л зав
ярьчихлаа. Хүн хичнээн косметик хагалгаанд ороод, будгийн хүчээр
өөрийгөө өөрчиллөө ч сэтгэлийн сайхангүй л бол чимэггүй, хийморьгүй
харагддаг байх. Хүнд дотоод энерги гэж байдаг гэдэг шүү дээ. Тэр энерги
нь эерэг байж гэмээнэ хүнийг их сайхан харагдуулдаг болов уу. Би ингэж
л боддог. Түүнээс залуу байх шиг арьсаа татуулаад давхраа хийлгээд байх
шаардлага надад байхгүй. Насандаа таарсан үрчлээс хүртэл дотроосоо
гэрэлтэх үед их сайхан харагддаг юм шүү дээ.
-Хувийн гоо сайханч бас үсчинтэй юу та?
-Ёстой үгүй, яарсан даарсан үед хаана ч хамаагүй ороод үсээ засуулчихдаг. Цаг зав нь байвал өөрөө үсээ янзалчихна.
-Н.Сувд гавьяатын нэг имиж бол монгол дээл. Тэрлэг гэвэл илүү оновчтой юм шиг ээ?
-Би
тэрлэг өмсөх их дуртай. Ямар ч нөхцөлд биед эвтхэйхэн, бас олон талын
ашигтай байдаг юм. Гоёл болгоод ямар нэгэн арга хэмжээнд өмсчихөж
болно. Бас гэртээ халад маягаар ч өмсөхөд эвтэйхэн. Ингээд магтаад
байвал зөндөө юм ярих болоод байна.
-Тэрлэг олонтой юу, та өөрөө оёдог уу?
-Ээлжлээд,
солиод өмсөх тэрлэг байгаа. Нэг зүйлийг нэмж хэлэхэд би их тод өнгийн
тэрлэг өмсөх дуртай. Надад их зохимжтой харагддаг юм. Ер нь тэгээд
эмэгтэй хүнийг тод өнгө их гоё харагдуулдаг шүү дээ.
-Таныхаар эмэгтэй хүн ямар байх ёстой вэ?
-Бүсгүй хүний эрчүүдээс ялгарах ялгаа нь уян зөөлөн сэтгэл, ухаалаг тэвчээртэй зан шүү дээ.
Ж.НЯМСҮРЭН /2008 оны 10 сарын 23/