Аун Сан Су Ки гадаадад айлчлах эрхтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Аун Сан Су Ки гадаадад айлчлах эрхтэй боллоо

Бирмийн сөрөг хүчний лидер, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Ки
өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр паспортоо гардаж авлаа хэмээн Ардчиллын
төлөөх үндэсний нэгдэл намынхан "Channel News Asia" телевизэд мэдэгдэв.

Ийнхүү сүүлийн 20 жилийн 15-ыг нь гэрийн хорионд өнгөрүүлсэн хатагтай Су
Ки гадаадад айлчлах эрхтэй болж байна. Аун Сан Су Ки ирэх сард цөллөг
дэх Бирмийн Засгийн газрыг анх хүлээн зөвшөөрч байсан Норвегид
айлчлахаар төлөвлөжээ. Мөн Их Британид очиж Александр, Ким хэмээх хоёр
хүүтэйгээ уулзахаар болсон юм.

Түүний хоёр хүүгийн эцэг, Английн иргэн Майкл Арис 1999 онд хорт
хавдраар өөд болсон аж. Аун Сан Су Ки Энэтхэгт Элчин сайдаар томилогдсон
ээжийгээ дагаж Энэтхэгт сурч байгаад 1964 онд Английн Оксфордын Сейнт
Хьюз коллежид үргэлжлүүлэн суралцаж 1969 онд гүн ухаан, улс төр, эдийн
засгийн боловсрол эзэмшсэн байна.

Үүний дараа тэрээр АНУ-ын Нью-Йорк хотод шилжиж, НҮБ-ын Төсвийн хороонд
гурван жил ажиллажээ. 1972 онд Британийн иргэн, Түвдийн хэл, соёлын багш
Майкл Аристай гэрлэж, 1973 онд анхны хүү Александр нь Лондон хотод
мэндэлсэн байна. 1977 онд хоёр дахь хүү Ким нь мэндлэв. Аун Сан 1985 онд
Лондоны их сургуульд Дорно болон Африк судлалаар докторын зэрэг
хамгаалжээ. Бирмийн сөрөг хүчний лидер 1988 онд өвчтэй ээжийгээ асрахаар
эх орондоо буцаж ирсэн ч цэргийн хунтын эрх баригчид түүнийг сүүлийн 20
жилийн 15-д нь гэрийн хорионд байлгасан юм.

Су Ки гэрийн хорионд байгаагүй үедээ Бирмийг орхин явах боломжтой байсан
ч татгалзсаар иржээ. Бирмийг орхин явбал цэргийн хунтын эрх баригчид эх
орондоо буцаж ирэх боломж олгохгүй хэмээн айж байсан юм.

Бирмийн цэргийн хунт өнгөрсөн оны гуравдугаар сарын 30-нд тарж, иргэний
Засгийн газарт эрх мэдлээ шилжүүлж өгсний дараа тус улсын дотоодын
нөхцөл байдал өөрчлөгдсөн юм. Рангуны эрх баригчид олон улсын дарамт
шахалтын улмаас ийм алхам хийхээс өөр аргагүй болсон.

Бирмийн өнөөгийн Ерөнхийлөгч, экс генерал Тан Шве ардчилсан, эдийн
засгийн өөрчлөлт шинэчлэл хийж, сөрөг хүчинтэй яриа хэлэлцээгээ сэргээж,
үндэстний цөөнхийн партизаны бүлэгтэй энхийн хэлэлцээ хийж эхэлснийг
дэлхийн улс орнууд сайшааж байна.

Сүүлийн 30 жилийн турш цэргийн дэглэм ноёрхсон тус улсад ард-чилсан
өөрчлөлт гарснаар Аун Сан Су Ки өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд болсон
парламентын сонгуулиар парламентад суудалтай болсон юм. Түүний нам 1990
оны сонгуульд илт давуу ялалт байгуулсан ч эрх баригч цэргийн дэглэм
сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөлгүй Су Киг гэрийн хорионд оруулсан
билээ.

Эдүгээ Бирм олон улсын тусламж дэмжлэгийг авахын тулд ардчилсан өөрчлөлт
шинэчлэлийг үргэлжлүүлэн хийсээр байна. Үүний нэг жишээ нь сөрөг хүчний
лидерт 20 жилийн дараа паспортийг нь буцаан олгож, иргэний бүрэн эрхийг
нь хүлээн зөвшөөрсөн явдал юм.

Н.Мөнхжин

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж