Чөлөөт бөхийн УАШТ эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн УАШТ эхэлнэ

Монголын бүх ард түмний спортын ХIII наадмын чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэлж байна. Эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөл 1963 онд Бүх ард түмний II спартакиадын хөтөлбөрт анх орсноос хойш 12 дахь удаагаа, эмэгтэй чөлөөт бөхийн төрөл 2004 оноос хойш гурав дахь удаагаа их наадмын хөтөлбөрт багтаж байгаа юм. Энэ удаагийн их наадмын чөлөөт бөхийн тэмцээн нь зуны олимпийн наадмын өмнө болж, олимпийн наадамд оролцох бөхчүүдийн томоохон сорилго болж байгаа юм.

Тэмцээнд 30 гаруй байгууллагын 200 гаруй бөх зодоглохоор мэдүүлгээ ирүүлжээ. Тэмцээн тавдугаар сарын 11-13-нд үргэлжилнэ.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн 51, 59, 67 кг, эрэгтэйчүүдийн 55, 74 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодрох юм. Хэсгийн барилдаан 12.00 цагаас эхлэх бол нээлтийн ёслолын ажиллагаа 17.00 цагт болох ажээ. Харин маргааш хуваарийн дагуу эмэгтэйчүүдийн 48, 63, эрэгтэйчүүдийн 60, 84, 96 кг, ням гаригт эмэгтэйчүүдийн 55, 72 кг, эрэгтэйчүүдийн 66, 120 кг-ын жинд медалийн эзэд тодорно.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж