ОХУ-ын Петербург хотын Васильевын арлын Залуучуудын ордноос зөвлөлтийн нэн алдартай “Буратиногийн адал явдал” хүүхдийн киноны “хамгийн чухал” жижиг хэрэглэл болох “Алтан түлхүүрийг” хулгайлжээ. 50 см урт энэхүү гуулин түлхүүрийг 5 сарын 5-нд хулгайд алдаж, цагдаад 5 сарын 6-ны 4 цагт дуудлага өгсөн талаар "Konkretno.ru" сайт мэдээлж байна.
Дуудлага өгсөн Москвагийн Засгийн газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн ажилтан, 33 настай бүсгүйн мэдэгдэж байгаагаар бол, 2010 онд нас барсан найруулагч Леонид Нечаевын дурсгалын үдэшлэгийн үеэр, гэмт хэрэгтэн тайзан дээрээс “алтан түлхүүр”-ийг хулгайлсан байна.
Залуучуудын ордон нь дохиололгүй, камерын хяналтгүй, харуул хамгаалалтгүй тухай сайт мэдээлж байна. Гэтэл ордны захирал Ирина Иванова “Комсомольскай правда” сонинд барилгад камерын хяналт байдаг, үүдэнд хамгаалагч бий гэж мэдэгдэж байжээ.
“Алтан түлхүүр”-ийг найруулагчийн бэлэвсэн эхнэр Надежда Нечаева хадгалж байгаад Петербургт түр авч ирээд байсан юм байна.
Нечаевын найруулсан “Буратиногийн адал явдал” кино нь дэлгэцэнд 1975 онд гарсан бөгөөд ЗХУ-ын төдийгүй монголын ч хүүхэд багачуудын хамгийн үзэх дуртай, мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн хүүхдийн кино байсан билээ.
Уг киног орос зөвлөлтийн зохиолч Алексей Толстойн “Алтан түлхүүр буюу Буратиногийн адал явдал” (1936) үлгэрт тулгуурлан бүтээсэн юм. Харин А.Толстой энэ үлгэрээ италийн зохиолч Карло Коллодигийн “Пиноккиогийн адал явдал. Модон хүүхэлдэйн түүх” (1881) үлгэрээс сэдэвлэн бүтээсэн түүхтэй. Хэдийгээр үндсэн сэдэв, зарим дүр дүрслэлийн онцлог хадгалдагдсан ч Толстойн бүтээлийг бие даасан туурвил гэж үзэх бүрэн үндэстэй. Учир нь Пиноккиогийн үлгэр дэх хэт их сургамжит үзэл санааг цэвэр хурц өгүүлэмж, адал явдлаар солисон, хэд хэдэн зарчимын өөрчлөлт хийсэн гээд ялгагдах онцлог олон бий.
Киноны зохиол болон болон ижил нэрт үлгэрийн зохиомжоор бол алдагдсан “Алтан түлхүүр” нь аз жаргал, сайн сайхны ертөнцөд хүргэдэг нууц хаалгыг нээх үүрэгтэй билээ.
Эх сурвалж: Konkretno.ru