Нэг үеэ бодвол махны үнэ харьцангуй буурсан ч бүр хямд болчихсон гэж
хараахан болохгүй нь. Зах дээр килограмм махны үнэ дунджаар 6000
төгрөгийн үнэтэй байна. Төр засаг махны үнийн өсөлтийг барих гэж нөөцийн
мах гаргасан боловч "аманд ч үгүй хамарт ч үгүй" дуусч байгаа.
Нөөцийн мах гаргах нь үр дүнд хүрэхгүй гэдэг нь цагаан сарын өмнө
тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, монголчууд цагаан сараараа хямд мах
хэрэглэж чадаагүй билээ. Өндөр үнэтэй маханд дарлуулсан монголчууд
нөөцийн маханд картын бараа шиг оочерлосон гашуун түүх саяхных. Баярын
дараа асуудал арай гайгүй болсон ч үнэ өндөр хэвээр л.
Ерөнхийдөө төр засгаас махны үнийг хямд байлгах гэж сүүлийн гурван
жилийн турш зүтгэлээ, гэвч үр дүнд хүрсэнгүй. Тэгвэл үнийг чухам яаж
хямд байлгах вэ. Махны үнэ ядаж килограмм нь 4000 төгрөг байвал болж л
байна. Тийм байлгахын тулд төрийн оролцоогоор, зах зээлийг удирдахаас
өөр арга алга. Махны үнийн өсөлт хэт их эрэлтээс үүдэлтэй гэдэг нь
тодорхой байгаа. Эрэлт их, нийлүүлэлт бага байгаа учраас үнэ өссөн.
Тэгэхээр махны үнийг удирдахын тулд энэхүү эрэлт нийлүүлэлтийг л
удирдана гэсэн үг.
Өнөөгийн нөхцөлд бол нийлүүлэлт хэт бага байгаатай холбоотойгоор инфляци
өсөөд байна. Тийм учраас нийлүүлэлтийг хүчээр шийдэх хэрэгтэй байгаа
юм. Ингэж хүчээр шийдэхийн тулд төрд тусгай интитуци хэрэгтэй гэдэг нь
тодорхой.
Өөрөөр хэлбэл, ХХААХҮЯ гэж байгаа шиг яагаад Махны хороо ч юм уу,
тиймэрхүү байгууллага байж болохгүй гэж. Тэр байгууллага ердөө махны
үнийг тогтвортой байлгах л зорилготой байна. Яамны хэмжээнд нөөцийн мах
гаргаад асуудлыг шийдэж чадахгүй гэдэг нь хангалттай харагдлаа. Тиймээс
тусгай байгууллага хэрэгтэй болжээ.
Шинээр байгуулагдах төрийн байгууллага нь зах зээл дээр нөөцийн гэх
нэртэй удаан хадгалагдсан, муу мах гаргахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
Ердөө л зах зээл дээрх махны нийлүүлэлт, эсвэл татан авалтыг хариуцах
юм. Махны үнэ хэт өссөн үед нийлүүлэлт хийснээр үнийг бууруулна.
Хэтэрхий буураад эхэлбэл, татан авалт хийж үнийг тогтвортой байлгана
гэсэн үг.
Яг л Монголбанк шаардлагатай үед зах зээл рүү мөнгө нийлүүлж, эсвэл
татан авдаг шиг. Махны интервенц маягийн зүйл хийх гээд байна л даа.
Монголбанк валютын ханш өсөнгүүт интервенц хийж, ханшийг унагадаг билээ.
Жишээ нь нэг өдрийн интервенцээр ам.долларын ханш цагийн дотор 15
төгрөгөөр унаж байсан жишээ бий. Тэгэхээр Монголбанк интервенц хийснээр
валютын ханшийг удирдаж чадаж байгаа юм. Түүнтэй адилхан шинээр
байгуулагдах Махны хороо зах зээл дээр интервенц хийхэд л хангалттай.
Үүний тулд Монголбанк валютын нөөцийн сантай байдаг шиг махны хороо
махны нөөцийн сантай байх шаардлагатай.
Нөөцтэй байхын тулд төсвийн мөнгөөр малчдын гар дээрээс малыг нь амьдаар
худалдан авч хадгална. Дэргэдээ мал сүрэгтэй л байна гэсэн үг.
Тэндээсээ шаардлагатай хэмжээгээр мах бэлтгээд, зах зээл рүү нийлүүлэх
юм. Байж болох л тогтолцоо шүү дээ. Хамгийн гол нь энэ өндөр үнэтэй
махны үнийг шийдэж чадвал инфляци багасна. Инфляци буурснаар бодлогын
хүү буурч, эдийн засаг өсөх нөхцөл бүрдэх учиртай.
Монголбанкнаас өнгөрсөн сард мэдээлэл хийхдээ махны үнийн өсөлт нийт
инфляцийн 50 хувийг бүрдүүлсэн гэж мэдэгдсэн байгаа. Гэвч Монголбанкнаас
явуулж буй мөнгөний хатуу бодлого махны үнэд нөлөөлөх ямар ч боломжгүй
гэж байсан билээ. Махнаас бусад хамаарлаар үүсч байгаа инфляцийн эсрэг
арга хэмжээ авч, бодлогын хүүг дахин 0.5 нэгж хувиар өсгөсөн. Ингэснээр
бодлогын хүү нэлээд өндөр төвшинд буюу 12.75 хувьд хүрлээ.
Бодлогын хүү өндөр байгаа нөхцөлд банкнаас гаргах зээлийн хүү өндөрсч,
мөнгөний нийлүүлэлт багассанаар инфляци буурдаг. Гэхдээ энэ бодлого нь
инфляцийг бууруулахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтийг удаашруулж,
ялангуяа жижиг бизнесүүдийг дампууруулах эрсдэлтэй. Харин жижиг бизнес
хөгжиж байж эдийн засаг өсөн дэвждэг жамтай билээ.
Өнөөдөр ажиллаж байгаа жижиг бизнес маргааш корпораци болох учиртай. Тэр
хэрээр эдийн засгийн өсөлт бий болно гэсэн үг. Тэгэхээр манай улс
жижиг, дунд бизнесээ дэмжих нь урт хугацаандаа эдийн засгийн өсөлтийг
бий болгох юм. Гэвч өнөөгийн нөхцөлд бодлогын хүү өндөр, зээлийн хүү ч
бас чанга байгаа учраас жижиг, дунд бизнес хатуухан хэлэхэд хэзээ мөдгүй
сүйрэх дээрээ хүрээд байна.
Инфляцийн 50 хувийг махны үнийн өсөлт бий болгосон гэдгийг дээр
дурьдсан. Тэгэхээр зээлийн хүү өндөр байгаагийн гол буруутан нь махны
үнэ болж байгаа биз. Харамсалтай нь Монголбанк махны унийг удирдах ямар ч
бололцоо байхгүй байна. Тийм учраас өөр нэг байгууллага махны үнийг
хариуцаад буулгачихвал Монголбанк ч бас бодлогын хүүгээ бууруулах боломж
бүрдэх нь. 50 хувь гэж тооцоход одоо байгаа бодлогын хүү дор хаяж
зургаан хувь хүртэл буурах боломж байна шүү дээ.
Цаашдаа бэлэн мөнгөний амлалтыг хязгаарлана гээд байгаа. Хэрвээ
хязгаарлачихвал махны үнээс бусад инфляцийг бүрдүүлээд байгаа нөгөө 50
хувийн ачаа хөнгөрнө гэсэн үг. Тэр цагт боддогын хүү дахиад ч буурах
боломж бүрдэнэ. Эцсийн дүндээ боддогын хүү буурч байна гэдэг банк
санхүүгийн систем уян хатан болж, эдийн засгийн өсөлтийг шууд утгаараа
дэмжиж байгаа хэрэг.
Тийм учраас цаашдаа махны үнийн өсөлтийг хариуцсан байгууллагатай болж,
эдийн засгийн өсөлтөө дэмжмээр байна. Нэг талаас иргэд махны үнэд
дарлуулахгүй байх боломж бий болно. Нөгөө талаас Монголбанк боддогын
хүүгээ бууруулснаар жижиг, дунд бизнесүүд ч цэцэглэх нөхцөл гарч ирнэ.
Яаж ч бодсон зөв бодлого байгаа биз дээ.
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин