Тариалалт энэ сарын 15-наас эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Тариалалт энэ сарын 15-наас эхэлнэ

Гадаад
20 хэм дулаарч, Монгол оронд зун цаг хэдийнэ ирчихжээ. Хөдөөд цангинах
нялх төлийн дуутай зэрэгцээд, газар тариалангийн нөр их ажил эхэллээ.
Тариаланчид
маань хаврын тариалалтынхаа нөр их ажлыг энэ сарын 15-наас эхлүүлэхээр
бэлтгээд байгаа гэнэ. Төмс, хүнсний ногооны тариалалт өнгөрсөн долоо
хоногоос эхэлсэн гэх мэдээлэл байна. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн
үйлдвэрийн яамны мэргэжилтний хэлснээр энэ жил тариалалт цагтаа эхэлж
байгаа гэнэ. Өнгөрсөн жил цаг агаар сэрүүхэн байснаас улаанбуудайн
тариалалт нэлээд хойшилсныг ч дуулгав. Хэрвээ өнгөрсөн жил тариалалтын
ажил цагтаа эхэлсэн бол хурааж авснаасаа ахиу ургац авах байсныг ч
салбарын яамныхан ярьж байна. Энэ хавар улсын хэмжээнд 330 мянган га
талбайд үр тариа тариалахаар төлөвлөөд байгаа ажээ. Үүнээс 320 мянга
га-д улаанбуудай, 15 мянган га-д төмс, 8 мянган га-д хүнсний ногоо, 18
мянган га-д тэжээлийн болон техникийн ургамал тариалах юм байна.
Салбарын яамнаас гаргасан урьдчилсан тооцоогоор ирэх намар 490 мянгаас
доошгүй тонн үр тариа, 200 мянган тонн төмс, 110 мянган тонн хүнсний
ногоо, 40 мянган тонн малын тэжээлийн болон техникийн ургамал хураан
авч, 330 мянган га-д чанар сайтай уринш боловсруулахыг зорьж байгаа
гэнэ. Хаврын тариалалтад дутагдах үрийг 40 хувийн, эхний ээлжийн
тариалалтад шаардагдах шатахууныг мөн 50 хувийн урьдчилгаатай зээлээр
олгож эхлээд байгаа аж. Өмнө нь тариалалтад шаардагдах шатахууныг 30
хувийн урьдчилгаа зээлээр олгодог байсан юм байна.  Техник, хэрэгслийн
засвар 80 гаруй хувьтай байгаа бөгөөд үр тарианы комбайн, төмсний иж
бүрдэл техник, будаа хадгалах элеватор зэргийг улсын төсвийн хөрөнгө
оруулалтаар, БНХАУ-ын зээлээр өндөр хүчин чадалтай 80 гаруй трактор,
комбайн, бага оврын 8400 гаруй тракторын иж бүрдлийг нийлүүлсэн гэнэ.
Өнгөрсөн жилийн зун нэлээд халсан ч гэлээ монголчууд ургац арвин
хураасан. Энэ жилийн хувьд ч олон жилийн дунджаас халуун зун болох
төлөвтэй байгааг цаг уурынхны судалгаа харуулж буй. Өнгөрсөн онд улсын
хэмжээнд 281.2 мянган га-д үр тариа түүнээс 276.5 мянган га-д улаан
буудай тариалсан бөгөөд дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангасан байгаа.
Тиймээс энэ жил Монгол Улс гаднаас үр гуйхааргүй болсон. 

“Атарын
III” аяны хүрээнд газар тариалангийн салбарт  илт сэргэлт гарсан хэмээн
мэргэжилтнүүд дүгнэж байна. Уг аяныг эхлүүлснээр импортоор оруулж
ирдэг, чанаргүй “хужаа” ногоонуудын хэрэглээ багассан  бөгөөд төмсний
хувьд гэхэд Монголын бүтээгдэхүүн зуун хувьд дотоодынхоо хэрэгцээг
хангах болсон гэсэн судалгааг салбарын яамнаас гаргаад байгаа. Түүнчлэн
Монгол Улс цаашдаа дээд зэргийн улаанбуудай экспортлох зорилт тавиад
буй.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хаврын
тариалалтад зориулж 10 гаруй мянган тонн шатахуун нөөцөлжээ. Газар
тариалангийн ажил тэнгэр хангайн ааш аягаас шууд шалтгаалдаг ч техник,
хэрэгсэл бүрэн бүтэн байхаас ажлын үр дүн хамаардаг. Тиймээс тэнгэр
хангайн ааш аяг цаашдаа энэ янзаараа сайхан байгаад, хаврын тариалалт
цагтаа дуусвал ирэх намар идэх ургац арвин гарна гэдгийг ч салбарын
яамны мэргэжилтэн ярьж байна лээ.

Н.ГЭРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж