Түймэрт 14 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Түймэрт 14 хүн амиа алджээ

Дорнод
аймагт гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байсан ОБЕГ-ын таван
ажилтны гурав нь амь насаа алдаж, хоёр нь маш хүнд түлэгджээ. Золгүй
явдал гарах үед цаг агаар халуун, хүчтэй салхитай байсан бөгөөд салхины
чиглэл гэнэт өөрчлөгдөж гал яах ийхийн зуургүй аврагчдыг нөмөрсөн гэдэг.
Тэд Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Матад зэрэг 13 сумын нутагт
гарсан 34 удаагийн ой хээрийн түймрээс 14 хүний амь, 26 айлын гэр, 18
хашаа саравч, олон мянган мал, дөрвөн  сая гаруй бэлчээрийг аварсан
гавьяатнууд байжээ. Энэ мэдээлэл олон хүнийг цочиролд оруулсан. Ер
ньсүүлийн жилүүдэд Монгол оронд ой хээрийн түймэр гарах нь ихсээд байгаа
бөгөөд хүний алтан амь үрэгдэх явдал ч цөөнгүй гарах боллоо.

Таагүй мэдээллүүд…

Он
гарсаар манай оронд 105 гал түймэр гарчээ. Зөвхөн Хөвсгөл аймагт л
гэхэд он гарснаас хойш 12 түймэр гарсан гэх мэдээлэл бий. Өдгөө ч тус
аймгийн Эрдэнэбулган, Улаан-Уул суманд гарч байгаа түймэр унтраагүй
байгаа гэнэ. Гурвын гурван хүний амийг авч одсон Дорнод аймгийн Баяндун
сумын Шивэртийн ам хэмээх газарт асч байгаа түймэр унтраагүй л байна. Уг
түймрийг хятадууд санаатайгаар тавьсан гэх яриа байна. Нутгийн иргэд
Баяндун суманд байрлах уурхайн хятад ажилчид түймэр тавьсан хэмээн
хардаж байгаа гэнэ. Нөгөөтэйгүүр Дорнод аймагт өвс ургамал тачаршиж
байгаа учраас дараа жил нь ахиу ургуулахын санаатайгаар түймэр тавьдаг
гэсэн яриа байдаг. Ямартай ч зарим аймагт гарсан түймрийг санаатайгаар
тавьсан байж болзошгүй хэмээн үзэж буйгаа албаны хүмүүс нуугаагүй.

Тавдугаар
сарын 6-ны өдөр буюу өнгөрөгч ням гаригийн орой Богд ууланд түймэр
гарсан тухай мэдээлэл Хан-Уул дүүргийн гал унтраах албанд иржээ. Хэргийг
шалгасны үндсэн дээр насанд хүрээгүй гурван хүүхэд гал тавьсан болох нь
тогтоогдсон юм. Тэднийг хэрэг хүлээх чадваргүй гэж үзэн ямар нэгэн
хариуцлага тооцоогүй өнгөрөөсөн билээ. Богд ууланд бараг жил болгон
түймэр гарах болсон. Өнгөрсөн жил гэхэд дөрвөн ч удаа түймэр гарчээ.
Ихэнх нь иргэдийн дутуу унтраасан тамхины ишнээс болж гал гарах
тохиолдол цөөнгүй гэнэ. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Хэнтий
аймгийн Дадал, Баянхутаг сумдад гарсан ой, хээрийн түймэр богино
хугацаанд өргөжин тэлж Дадал сумын төвд ойртсон байна. Мөн Баянхутаг
суманд гарсан түймэр Сүхбаатар аймгийн Мөнххаан сум руу орсон байна.
Тухайн үед Онцгой байдлын албаныхан шуурхай ажиллаж цурманд оруулсан юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард л гэхэд улсын хэмжээнд 15 аймгийн 44 суманд
60 удаагийн ой, хээрийн түймэр гарч 968 га ой, 55264 га хээрийн талбай
шатаж, түймрийг унтраахаар 941 албан хаагч ажил­ла­жээ. Мөн Архангай,
Увс зэрэг айм­гууд ч түймрийн голомттой бай­гаа. Одоогийн байдлаар
цурманд оруул­сан байгаа ч түймэр дахин дэг­дэх магадлал өндөр байгаа
талаар мэр­­­гэжлийн хүмүүс сануулж байсан юм.

Түймрээс салах арга байна уу…

Хавар
хуурайшилтын үеэр л түймэр асч байна уу гэвэл үгүй. Өнгөрөгч өвөл
Улаанбаатар хотод 885 удаагийн ахуйн хэмжээний гал түймэр гарчээ. Үүнээс
дийлэнх нь буюу 258 амины орон сууц, 185 ил задгай, дулааны сувагт
хуримтлагдсан хог шатсан байна. Мөн эзэнгүй хашаа болон айлын хашаанд,
нийтийн эзэмшлийн тал­байд 22 тохиолдол гарчээ. Үүнээс болж өнгөрсөн
өвөл дөрвөн тэрбум төгрөгийн эд зүйлс түймэрт шатжээ. Хамгийн
харамсалтай нь түймэрт 14 хүн өр­төж амь насаа алдсан бол 13 хүн
түлэг­дэж хөдөлмөрийн чадвараа бүрэн алджээ. Өнгөрөгч нэгдүгээр сард
Сонгинохайрхан дүүргийн XXV хороо, Одонтын гудамжинд 4х10 метрийн
хэмжээтэй байшингийн дээвэр, дотор талын хэсэг шатаж улмаар 24 настай
эрэгтэй Ч өртөж нас баржээ. Мөн Баянгол дүүргийн Х хороо, Зүүн нарангийн
гудамжинд таван ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатаж, 31 настай
эрэгтэй Б-гийн баруун гар түлэгдсэн байна. Энэ мэтчилсэн таагүй мэдээлэл
ээлж дараагаараа хөвөрнө. Үүнийг албаны хүмүүс яндан болон зуухны
эвдрэлээ цаг тухайд нь засдаггүй, үнс, нурмаа гүйцэд унтраадаггүйн
улмаас болж байгааг ч анхааруулдаг. Гэр, орон сууцаа бүрэн шалгалгүй
гардагаас ахуйн түймрүүд ихэсдэг юм байна.

Нэг тэрбум. Үүнийг
хараад уншигч танд олон бодол төрж магадгүй. УИХ-ын гишүүн бүрт дахиад
нэг тэрбумыг өгөхөөр болсон уу гэх ч юм уу, нэг сая биш  нэг тэрбум
төгрөг иргэдэд тараах нь дээ гэж баярлах хэрэггүй шүү.  Энэ бол он
гарснаас хойш гал түймрээс болж эдийн засагт учирсан мөнгөн хохирлын
тоо. Бүр нарийвчлалтайгаар хэлэх юм бол нэг тэрбум 582 сая 665 мянга 841
төгрөгийн хохирол гал түймрээс болж Монгол Улсад учирчээ. Манай улс жил
болгон зөвхөн гал түймрээс болж ийм хэмжээний хохирол амсдаг аж.
Хэдийгээр Онцгой байдлын ерөнхий газраас гал түймрээс сэргийлэх
сургалтыг зохион байгуулдаг ч гал түймрийн тоо багассангүй. Угтаа жилдээ
хичнээн хэмжээний газрыг үнсэн товрог болгож, шим ертөнцийг сэвтээснийг
тааж мэдэхгүй. Тэгэхээр монголчуудаа ой хээр, очрин тойрон, бусдын
болон өөрсдийнхөө амь насыг хамгаалахын тулд санаатай болон
санамсаргүйгээр хэзээ ч шүдэнзээр, галаар битгий тоглоорой.

Хуурайшилтийн
үе эхлээд удаагүй байтал 105 гаруй түймэр улсын хэмжээнд гарчээ. Ихэнх
нь иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж байгааг албаны хүмүүс хэлж
байна. Тиймээс иргэд та бүхнийг гал түймрийн аюулаас сэрэмжилж, сонор
сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж