”Баянмонгол компанийн тухай” хуулийн төсөл бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

”Баянмонгол компанийн тухай” хуулийн төсөл бэлэн болжээ

УИХ-ын гишүүн Л.Болд “Баянмонгол компанийн тухай” хуулийн төсөл боловсруулж дуусаад Засгийн газрын санал авахаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод хүргүүллээ. Л.Болд Эрдэнийн хувь (Баянмонгол корпораци)-ийн тухай ойролцоо агуулгатай хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт 2009 оны 6 дугаар сард санаачлан УИХ-аар хэлэлцүүлж байсан юм. Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд “Хүний хөгжил сангийн тухай” Монгол Улсын хууль батлагдсан бөгөөд түүнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, хувьцааны ногдол ашгийг иргэддээ тэгш хуваарилах зорилго бүхий үндэсний компани байгуулахаар хуульчилсан билээ.

Хэдийгээр Засгийн газраас “Эрдэнэс монгол” ХХК, Таван толгойн ордод түшиглэсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК, Оюутолгойн төрийн мэдлийн 34 хувьд түшиглэсэн “Эрдэнэс Оюутолгой” компаниудыг байгуулж “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг иргэддээ эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч Хүний хөгжил сангийн хуульд туссан агуулгаар үндэсний компани одоо хүртэл байгуулагдсангүй гэж үзэж Улсын Их Хурлын гишүүн Л.Болд ийнхүү шинэ хуулийн төсөл боловсруулжээ.

Энэ хуулийн төсөлд шинээр байгуулагдах Баянмонгол компани нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, хувьцааныхаа  ногдол ашгийг иргэдэд хуваарилдаг, стратегийн ордуудыг ашиглагч компаниудын төрийн эзэмшлийн хувийг түшиглэн зах зээлд үнэт цаас гаргах шийдвэрийг гаргадаг байхаар тусгажээ.

Сонирхолтой нь компанийн удирдлага нь Засгийн газраас хараат бус байхаар, Баянмонгол компанийн эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурал байхаар, төлөөлөгчдийн хурал нь 21 аймгийн ИТХ-аас сонгогдсон тус бүр 2 төлөөлөгч, нийслэлийн ИТХ-аас нэр дэвшүүлсэн 4 төлөөлөгчөөс бүрдэхээр хуулийн төсөлд санал болгосон байна. Удирдлагын ийм тогтолцоог сонгон авснаар Баянмонгол компани нь хувьцаа эзэмшигч ард иргэдийн төлөөлөл эрх мэдлийг нь жинхэнэ утгаар хэрэгжүүлдэг, цоо шинэ зарчмаар ажилладаг үндэсний компани болно гэж хууль санаачлагч үзсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж