Амиа золиослогч давхар туршуул байжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Амиа золиослогч давхар туршуул байжээ

Америкийн хэвлэл мэдээлийн хэрэгслээр АНУ-ын нислэгийн онгоцыг дэлбэлэхийг таслан зогсоосон олон улсын тусгай ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлж байна. Тагнуулын төв газар ба Саудын Арабын тусгай албаныхан уг ажиллагаанд хоёр талын туршуулыг сайн дураар амиа золиослогчийн дүрээр ашигласан  гэжээ. Тэр туршуулд нь террористууд сайжруулсан гэх шинэ тэсрэх бөмбөгийг дамжуулан өгсөн гэнэ. Бөмбөгийг Йемен дэх “Аль-Каида” бүлгийн инженер Ибрагим Хасан аль-Асири бүтээсэн байна. Холбоо баригч уг тэсрэх төхөөрөмжийг туршуул “амиа золиослогч”-д дамжуулан өгчээ. Тэр нь уг бөмбөгийг өөр оронд авчран тусгай албаныханд дамжуулан өгсөн бололтой. Сайжруулсан гэх бөмбөгийг АНУ-ын Виржиниа мужийн Куантико  дахь лабораторид авчран шалган үзэж байна гэж “Los Angeles Times” сонинд өгүүлжээ. Мэргэжилтнүүд шинэ бөмбөг нь АНУ-д нислэг хийдэг араб ба бусад мусульман орнуудад ашиглаж байгаа аюулгүйн системд мэдэгдэлгүй өнгөрч чадах эсэхийг тогтоох ёстой байжээ. Урьдчилсан  мэдээгээр бөмбөгийн тэсрэх төхөөрөмж нь 2009 онд Нигерийн Умар Фарук Абдулмуталлабын дотоож дотроо авч онгоцонд оруулсан бөмбөгтэй харьцуулахад илүү найдвартай дэлбэлэх системтэй байжээ. Тэр бөмбөгийг мөн л аль-Асири бүтээсэн. Хэвлэлд мэдээлснээр тусгай албадын туршуул нь ТТГ-ын “гол байн нэг болсон” аль-Асиритай биечлэн уулзаагүй гэнэ.

АНУ болон Саудын Арабын тусгай албаныхны хамтын ажиллагааны явцад Йеменийн Шабва мужид энэ сарын 6-ны өдөр цуутай террористыг устгасан. Адены боомтод байсан USS Cole гэх Америкийн хөлөг онгоцонд 2000 онд халдсан хэргийн гол буруутан гэгддэг Фахд Мухаммад Ахмад аль-Кусо гэгчийг АНУ-ын улсын Холбооны мөрдөх товчооноос эрэн сурвалжилж байгаа 10 хамгийн аюултай террористын нэг хэмээн зарлаж байсан. Түүний зохион байгуулсан гэх довтолгооны үеэр Америкийн 17 цэргийн албан хаагч алагдсан юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж