II Елизаветагийн айлтгалаар парламентын ээлжит чуулганыг нээв

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

II Елизаветагийн айлтгалаар парламентын ээлжит чуулганыг нээв

Их Британийн хатан хаан II Елизавета өнгөрсөн лхагва гаригт айлтгал гарган (Queen’s Speech) Британийн парламентын ээлжит чуулганы нээлтийг хийн хоёр танхимын ойрын 12 сард хийх ажлын чиглэлийг тогтоож өгөв. “Парламентын төрийн нээлт нь 2012-2013 оны шинэ чуулганы эхлэлийг тавьж байна. Парламентын гол чиглэл нь Засгийн газрын үндсэн хууль зүйн зорилтыг хийж өгөх явдал юм” гэж тус орны парламентын хэвлэлийн мэдээнд өгүүлсэн байна. Хатан хаан жил бүр өөрийн айлтгалаа парламентын хоёр танхимын нэгдсэн хуралдааны өмнө уншдаг. Чуулганы бүрийн өмнө хатан хаан үг хэлдэг бөгөөд  2011 онд л үг хэлээгүй. Учир нь өнгөрсөн жил Нийгэмлэгийн танхимын ажлын шинэ хугацааг тогтоож хатан хааны айлдварыг намар бус хавар сонсгохоор шилжүүлсэн юм.

Айлдвар нь хатан хааны хувийн үг захиас биш. Айлдварыг Засгийн газар бичиж Танхимаар баталдаг. Хатан хаан айлдвараараа парламентын ажиллах ёстой хуулийн төслүүдийг гадна төрийн гол арга хэмжээнүүд ба айлчлалуудыг зарладаг аж. Энэ удаагийн хаантны айлдварт банкны салбарын тухай арай дэлгэрэнгүй өгүүлжээ. II Елизавета үгэндээ Засгийн газар нь сүүлийн саруудад банкнуудын өөрийн үйлчилгээний заагийг тогтоон үйлчлүүлэгчийн ажиллагааг эрсдэл ихтэй хөрөнгө оруулах бодлогоос нь тусгаарлахыг хуульчилж өгөхөөр ажиллаж байгааг тэмдэглэв. Мөн компанийн хувьцаа эзэмшигчдэд нь удирдлагадаа төлөх  бонусын хэмжээ хязгаарыг тогтоох эрх олгох төлөвлөгөөний талаар өгүүлжээ.

Хатан хаан “Британийн мөрдөх товчоог” байгуулах төлөвлөгөөг сонсголоо. Гэмт хэрэгтэй тэмцэх агентлаг (National Crime Agency) нь мансууруулах бодисны наймаа, хүний худалдаа ба олон улсын хэмжээний залилангийн хэрэгтэй тэмцэх ажлыг нэгтгэн зангидах ёстой. Зарим тохиолдолд Английн шүүхүүдэд ажиглалтын камер тавихыг хуульчилж өгөх талаар, мөн тэтгэврийн системийн шинэчлэл ба хүүхэд үрчлэх журам, мансууруулах бодисны нөлөөн дор машин жолоодсоны хариуцлагыг чангатгах, ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлах талаар зөвөлгөөн авах боломж зэргийн талаар II Елизавета уншин сонсгов. Лордуудын танхимын шинэчлэлийн талаар хуулийн төслийг удахгүй өргөн барина. Шинэчлэлийн дараа Лордуудын танхимын 80 хувийг сонгуулиар сонгох бөгөөд танхимын гишүүдийн тоог 300 болгоно гэдгийг хатан хаан хэлэв. Хуулийн төслийг Нийгэмлэгийн танхим нэг жилийн дотор авч хэлэлцэх ёстой. Гэхдээ хэсэг консерватор депутатууд хатан хааныг үг хэлэхээс өмнө Засгийн газрын саналыг зөвшөөрөхгүй гээд шинэчлэлийг хойшлуулахыг шаардаж байгаа юм. Тэд эдийн засгийн уналттай үед Үндсэн хуулийн өөрчлөлт хийгээд хэрэггүй гэж үзэж байгаа. Олон тооны британичууд Лордуудын танхимыг ардчилсан биш хуучин депутат байсан дээд хүрээний хөгшчүүдийн танхим гэж үздэг юм. Бичигдээгүй хуулиар лордууд доод танхимын гаргасан шийдвэрт хориг тавих эрхгүй. Уламжлалын дагуу эрх баригч нам эвслийн сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэх хууль гаргахыг лордууд зөвшөөрдөг ажээ.

Ёслол

Парламентын эв нэгдлийн бэлгэдэл болдог чуулганы албан ёсны нээлт нь маш баялаг түүхтэй. Нээлтээр парламентыг бүрдүүлэх гурван гол хэсэг болох хаан, Лордын танхимын гишүүд ба депутатууд цуглардаг. Нээлтийн эхэнд Нийгэмлэгийн танхимын нэгэн гишүүнийг  хааны ордноос “барьцаанд” авдаг байна. Тэр нь хурлын ирцийг хариуцсан эрх баригч намын депутат голдуу байдаг. Хаантныг ордондоо эргэн ирэхэд нь аюулгүй байдлыг хангаж байгааг илэрхийлэх энэ уламжлалт ёслол нь хаан ба парламентын хоорондын харилцаа сайн байгаагүй эрт үеэс уламжлагдан иржээ. Үүний зэрэгцээ йоменүүд гэх зэвсэгт харуулынхан парламентын байранд нэгжлэг хийн нэн ялангуяа зоорины хэсгийг сайтар шалгана. Энэ нь 1605 оны “Дарийн хуйвалдаан” гэж нэрлэсэн хэргийн илрүүлсний бэлгэдэл нь болдог байна. Тэр үед Гай Фоксийн толгойлсон католикууд протестант хаан I Яков парламентын ээлжит чуулганыг нээх үеэр парламентын байрыг дэлбэлэхээр торхтой дарийг зооринд нуун бэлтгэж байгаад баригдсан юм. Чуулганы нээлтийн ёслолын үеэр хатан хаан Эдинбургийн герцогийн хамт Вестминстерийн ордонд төрийн сүйх тэргээр ирдэг. Өөр нэг сайх тэргэнд нь Тауэрийн цайзад хадгалагдаж байдаг хааны титэм зэрэг бусад эд зүйлийг нь авч явна.

Хатан хаан парламентын байранд ирж хааны нөмрөг, титмээ өмссөний дараа Лордын танхимд орж ирэн хаан ширээнээс айлдвараа уншдаг ажээ. Үүнээс хэдэн минутын өмнө Нийгэмлэгийн танхимд “хар таягт харгалзагч” (Black Rod) хатан хааны элч болон орж ирэн депутатуудыг Лордын танхимд очих шаардлагатай гэж хэлдэг. Уламжлалын дагуу үүний өмнө Нийгэмлэгийн танхимын хаалгыг хаан элч хаалгыг таягаараа гурван удаа тогшино.  Үүгээр Нийгэмлэгийн танхим нь өөрийн бие даасан байдлыг харуулж байгаа гэнэ. Үүний дараа доод танхимын депутатуудын хэсгийг хааны айлдварыг сонс хэмээн Лордын танхимд урьдаг. Доод танхимын гишүүд нь хааны үгийг зогсоогоороо сонсдгоороо лордуудаас ялгаатай.

Хаан үгээ хэлсний дараа хоёр танхимын гишүүд түүний үндсэн утга агуулгын талаар хэлэлцэж эхэлдэг байна. Хэлэлцүүлэг хэд хоног үргэлжлэх бөгөөд энэ нь нэг ёсондоо Засгийн газарт итгэл үзүүлсэн шалгалт болдог ажээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж