Ингээд бодохоор энэ газрыг “сайд нарын” гэж тодотгол нэг бодлоор зүйтэй ч юм шиг, нөгөө өнцгөөр буруу ч юм шиг. Яагаад гэвэл дандаа аснууд хэвтэж эмчлүүлээд байгаа юм. Аснууд гэлтгүй албан тушаал, авлигын хэрэгт холбогдсон эсвэл холбогдох хүмүүс ч хэвтээд байгаа юм шиг. Сонирхолтой байгаа биз. Энэ зүй тогтлоор бол ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан С.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан Ш.Батсүх нарын хуучин албан тушаалыг нь хүндэтгэсэн ч, шалгагдаж буй хэргийг нь бодолцсон ч тэнд л хэвтүүлэх ёстой. Гэтэл хаа хамаагүй, жирийн иргэдтэй хольж хутгаад III эмнэлэгт хэвтүүлчихэж байгаа юм.
Монгол Улсын нэг номерын албан тушаалыг хашигч асан ч энэ л газар эмчлүүлж байгаа. “Сайд нарын II” гэж. Сүүлдээ ойлгохоо болилоо. Дахиад асууя. Энд улс, орныхоо төлөө ажиллаж, ихийг хийж бүтээгдсэд хэвтээд байна уу?! Аль эсвэл авлигач, албан тушаалаа урвуулан ашиглагч нарын “оромж” болчихов уу.
Нэр нүүрээ бодсон ч энд нэг л зүйлийг өөрчилмөөр санагдаад байгаа юм. Авлигачдын эмнэлэг гэхэд ч хаашаа юм. Сайд нарын гэхэд ч хэцүү юм. Тиймээс шоронгийн харъяа болговол зүгээр юм биш үү. Жирийн иргэддээ зориулан эмнэлэг бус шорон барьдаг юм чинь авлигачиддаа зориулан шоронг сайн эмнэлэгтэй болгоё л доо. Урьдаас ухаарсан уу. Тэгж таарсан уу, бүү мэд. “Ганц худаг”-ийн стандарт, ахуй нөхцөлийг сайжруулаад байсан чинь өөрсдөө явахаа мэдчихээд байсан юм биш биз дээ. Манай дарга нар ч холч ухаантайн дээр тансаг зэрэглэлд “нугасгүй” хойно, түүнийгээ мэдсэн байх л даа.
Ер нь тэгээд ажиглаад байхад дарга нар шоронд биш эмнэлэгт ялаа эдэлдэг болсон санагддаг. Жирийн иргэдийн давчуу камерын агаарыг булаацалдаг байхаар тэр нь ч дээр биз. Тиймээс л ганц нэг эмнэлгийг шоронгийн харъяа болгочиход гэмгүй. Тэнд хэвтлээ гэхээр нь “хоригдчирлоо” гэж ойлгоод сууж байя. Ямар дарга нарт зориулж дахиад өндөр зэрэглэлийн шорон барилтай биш. Зарим эмнэлгийн статусыг өөрчлөе. Цаашдаа дээр дурдсан төрлийн дарга нарын тоо өсөх хандлагатай байгаа статистик ажиглагдаж байна лээ. Тэр үед байр сав улам л хэрэгтэй болох байх. Тиймээс сайд нарын эмнэлгийг шоронгийн мэдэлд шилжүүлье…